Өвөлжилт хүндэрсэн сумдад шаардлагатай арга хэмжээг авч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-30 21:37:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 14-р хуралдаан болж өвөлжилт хүндэрсэн Галт, Жаргалант, Шинэ-Идэр суманд хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар болов.

Галт суманд одоогийн байдлаар 4 багийн нутаг дэвсгэрт 547 цэгт 1092 өрхийн 388.000 толгой мал өвөлжихийн зэрэгцээ Хужирт багийн Нарийн хужирт, Их хужирт, Яргайт, Уст, Рашаант багийн Бумбат, Нарийн Хуст, Харцагат, Халуун уст, Нүх довны харгана, Бургааст, Үхэрчин, Хуурай, Зүрх багийн Улаанчулуут, Туурайн, Нам даваа, Хайлантай гэх газруудад өвөлжилт хүндэрсэн байна.

Эдгээр газруудад нийт 960 өрхийн 355000 толгой мал өвөлжиж байгаа гэнэ. Галт сумын нийт нутгаар цас орж ар сүүдэр газарт цас мөстөж хатууран мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болсон, цасны зузаан 20-30 см, хунгартай газраа 25-37 см цастай, 6-18 см цас нь мөстөж хөрлөсөн байна.

12-р сарын 23-24-ний өдрүүдэд орсон цаснаар цасны зузаан 30-35 см, хунгартай газраа 35-40 см зузаан болж нэмэгджээ. Харин Жаргалант сумын хувьд нийт өвөлжих малын 90 гаруй хувь нь отроор явж байна. Нэг настай малын 50 хувь нь байнгын тэжээлд орсон, малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 60 орчим хувийг хэрэглэжээ. Нийт 2457 хурга ишиг, 63 тугал хорогдсон байна. Мөн Шинэ-Идэр суманд өвөлжилт хүндэрсэн одоогийн байдлаар 862 толгой мал хорогдоод байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ