Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих хяналт нээлттэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-30 10:30:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт цахим мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем энэ сарын 20-ны өдрөөс албан ёсоор нэвтэрч эхэлжээ. Энэхүү олон улсын стандартад нийцсэн цахим бүртгэлийн систем нэвтэрч байгаа нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих хяналт нээлттэй болж буй юм.

Монгол Улсад цахим мал эмнэлгийн гэрчилгээ нэвтэрч байгаатай холбогдуулан мал эмнэлгийн ерөнхий газраас Сэлэнгэ аймагт малын гэрчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна. Сургалтад Сэлэнгэ аймгийн Мал аж ахуйн газар, 17 сум, 6 тосгоны мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, тархварзүйн эмчилгээний нэгжийн байцаагчид, эмч нар, цагдаагийн байгууллагын төлөөлөл гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ.

Энэхүү системийг мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн сум, баг, дүүрэг, хорооны нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, тээвэрлэх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гоц халдварт өвчин дамжих эрсдэлийг багасгах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, мал эмнэлгийн арга хэмжээг технологийн хугацаанд гүйцэтгэж байгаа эсэхийг хянахад ашиглах юм байна. Ингэж мал эмнэлгийн гэрчилгээг цахимжуулснаар Монгол Улсад нэлээд асуудал болоод байгаа хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн баталгаа өгч байгаа хэрэг юм. Мөн малын шилжилт хөдөлгөөнийг мэргэжлийн байгууллагын хяналтад авч буйгаараа онцлогтой юм байна.

Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын МЭЭАБГ-ын дарга Б.Батсүх ийн ярилаа. Тэрээр.”Мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэсвгэрээс гадагш гаргаж байгаа нөхцөлд заавал гарал үүслийн гэрчилгээ авна гэсэн хуулийн заалт байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ системийг Сэлэнгэ аймагт нэвтрүүлж байна. Энэ системийг нэвтрүүлснээр малын хулгай буурна, хамгийн гол асуудал болсон хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн явуулах юм.

Энэ гэрчилгээтэй байвал та найдвартай, эрүүл баталгаатай, мэргэжлийн байгууллагаар баталгаажсан хүнсний бүтээгэдхүүн худалдан авч байна гэж ойлгож болно. Мөн зах зээл, дэлгүүрээс амьд мал, мах худалдан авахдаа энэ гэрчилгээг нэхэх эрхтэй болж байгаа юм. Өмнө нь цаасан хэлбэрээр малын эмч нарыг шахаж шаардаж байгаад авдаг байсан. Харин одоо энэ цахим систем нэвтэрснээр улс даяараа хаана хэний мал явж байна. Хаанаас үүсэлтэй ямар ургамал идсэн байна гээд нарийн үзүүлэлтүүд энэ системд бүртгэгдсэн байх ёстойгоороо илүү давуу талтай.

Энэхүү цахим бүртгэлийн систем нь зөвхөн таван хошуу мал дээр биш, тэжээвэр амьтад цаашлаад шувуу, зөгийн дээр энэ амьтнаас гаралтай бүтээгдэхүүн дээр бас мөн гэрчилгээ бичигдэх болно. Ямар мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан, хэн гэдэг малын эмч үүнд үйлчилгээ үзүүлсэнийг, цаашлаад хэн гэдэг малчны хотоос энэ малыг авсан зэрэг мэдээллээ мэдэж болох юм. Хамгийн гол нь эрүүл хүнс хэрэглэж, байгаа шүү гэдгээ та өөрөө мэдэж байгаагаараа маш их давуу талтай болж байгаа юм” хэмээлээ.  

Холбоотой мэдээ