Оны шилдэг залуу багш нарыг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2019-12-27 16:02:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны шилдэг залуу багш нарыг тодруулдаг “Оюуны элч-2019” шагнал гардуулах  ёслол Төрийн ордонд боллоо. Энэ онд "Шилдэг багш"-аар 10 багшийг өргөмжилсөн байна.


Оны шилдгүүдээр, Б.Баяржаргал /СХД 62-р сургууль/, Б.Мөнхбаяр /СХД 156-р цэцэрлэг/, Б.Цагаанцоож /СХД 67-р сургууль/, М.Одбаяр /Архангай аймгийн 1-р сургууль/, Б.Энхнаран /Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 1-р сургууль/, Н.Бадамсүрэн /Налайх дүүрэг "Эрдмийн оргил" цогцолбор, П.Хэнмэдэх /Дархан-Уул аймаг "Оюуны ирээдүй" цогцолбор сургууль/, Н.Мягмарханд /СХД "Ирээдүй" цогцолбор/, М.Солонгонцацрал /Чингэлтэй дүүрэг Монгол Солонгос хамтарсан политехник коллеж/,  Ч.Пүрэв-Очир /ХУД 52-р сургууль/ нар тодорчээ.


“Шилдэг багш”-ийг шалгаруулахдаа, Боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан, 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, санаачилга, бүтээлч ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. Мөн нийгэм олон нийтийн үйл ажилд идэвхийлэн оролцсон, гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил хийсэн, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн зэргийг нь гол үзүүлэлтээ болгожээ.


Энэхүү ёслолыг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбоо /МЗБХ/-ноос зохион байгуулдаг уламжлалтай.


Монголын залуу багш нарын холбоо  2008 онд Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачилгаар үүсгэн байгуулсан. Харин 2015 оны 9-р сараас үндэсний хэмжээний байгууллага болох зорилт дэвшүүлэн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10 мянга гаруй гишүүд дэмжигчтэй Олон улсын багш нарын холбоо/NAFSA/-ны жинхэнэ гишүүн, ЮНЕСКО-гийн зөвлөх эрхтэй байгууллага Дэлхийн боловсролын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж. Өнөөдөр МЗБХ нь Монгол орны 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ