Засаг дарга дулааны үнийн нэмэгдлийн асуудал дээр байр сууриа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-27 10:51:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд төрийн байгууллагуудын төсөв УИХ-аар батлагдчихсаны дараа дулааны үнийг 50 хувь нэмэх талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнийг Сэлэнгэ аймгийн зүгээс үгүйсгэж, 50 хувиар нэмүүлэхгүй байх асуудлаар албан бичгээ Засгийн газарт явуулсан байна. Тиймээс ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дулааны үнэ аж ахуйн нэгжүүд дээр нэмэгдэж очихгүй гэдгээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хариуцлагатайгаар мэдэгдсэнээ өнөөдөр хэллээ.

Тэрээр: ”Том дулааны станцууд эрчим хүчний зохицуулах хороонд харьяалагддаг. Монгол Улсын эрчим хүчний бодлого гэж бий. Нэгэнт алдагдалтай ажиллаж байгааг нь Эрчим хүчний яам, тамгын газар бүгд мэдэж байгаа болохоор улсын төсөвт суулгаж өгөөд, гарч байгаа алдагдлыг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр авч явах ёстой. Бидний зүгээс дулааны үнэ нэмэхийг дэмжсэн бичгээ зун явуулсан байсан. Дулааны станцаа олигтойхон ажиллуулчихвал, иргэд аж ахуйн нэгжүүд халаалт дулааны үнээ цаг хугацаандаа өгч, өр авлага багатай ажиллах учиртай. Энэ ч утгаараа нэмэхдээ тооцоо судалгаатай 5, 10 хувь гэх мэтээр нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэг аж ахуйн нэгж сард 5 сая төгрөг төлдөг гэхэд нэмээд 2.5 сая төгрөг төлөхөөр болж байгаа нь хэцүү шүү дээ.

Иймээс юуны түрүүнд дулааны үнийг нэмүүлэхгүй гэдгээ хэлье. Энэ асуудлын талаар гомдол санал багагүй ирж байгаа. Энэ бүхэнд аймгаас барьж байгаа эрчим хүчний бодлогын талаарх байр сууриа би илэрхийлж байна. Ер нь дулааны үнэ нэмэгдэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгтэй байгаа. Тухайлбал “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын байр байдлыг та бүхэн сайн мэднэ. Ажилчид нь ямар нөхцөл байдалд ажиллаж, ямархуу цалин хөлс авч байгаа билээ. Эрчим хүч хэрэглэж байна, үнэ нь нэмэгдсэн, шатахуун, түлш үнэ нь нэмэгдсэн гээд асуудлууд бий. Энэ бол хоёр талдаа ойлголцох асуудал. Миний хувьд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирлын ажлыг 8 жил хийсний хувьд зовлон, жаргалыг нь сайн мэднэ. Бусад түүхий эдүүд нь нэмэгдэж байхад, зах зээлийнхээ зарчмаар дулааны үнэ нэмэгдэх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Гэтэл УИХ хуралдаад төсвөө баталчихсаны дараа шууд 50 хувь нэмэхээр оруулж ирлээ. Энэ алдагдлыг аж ахуйн нэгжүүдээс авна гэж байхгүй. Тийм ойлголт ч байж болохгүй” хэмээн аймгийн Засаг дарга Ш.Оргил дулааны үнийн нэмэгдлийн талаарх асуудал дээр байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ