Томуугаар өвчлөгсдийн 87,8 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-25 22:00:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдийн дунд томуугийн өвчлөл нэмэгдэж өмнөх долоо хоногоос 3,6 хувиар их байна. “Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87,8 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

Мөн 23 сумын амбулаторийн нийт үзлэгт томуугийн өвчлөл 15,7 хувийг эзэлж өмнөх 7 хоногоос 6,4 хувиар нэмэгдсэн   байна. Томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгт 10 хувиас дээш Мөрөн сумын Дэлгэрмөрөн, Далай-Элбэрэлт, Гурван гал, Энэрэл, Энх-үйлс зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүд, Арбулаг, Бүрэнтогтох, Рашаант, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Улаан-уул, Цагаан-уул, Ханх, Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Цагааннуур гэсэн 14 сум байна. Ханиад томуу их байгаа учраас олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх ялангуяа 0-2 насны хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахиж, хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч, гэртээ эмчлүүлээрэй. Халуун аарц, чацарганы шүүс, саримстай хар шөл зэрэг уух шингэнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан мэдээллээ.

 

Холбоотой мэдээ