40-өөс дээш насныхан 7 хоногт гурван өдөр ажиллавал бүтээмж өндөртэй байдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-04-19 15:59:12

МЕЛЬБУРН. /Independent/. 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэгчид долоо хоногийн гурван өдөр ажиллахад хамгийн үр дүнтэй ажилладаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Дунд насны хүмүүсийг долоо хоногт 25 цаг ажиллуулахад тэдний ажлын бүтээл сайжирч байсныг судалгааны дүн харуулав.

Харин 25 цагаас илүү хугацаагаар ажиллах үед тэдний ажлын бүтээмж муудаж, ядаргаа болон стресст өртөх болжээ.

Австралийн 3000 эрэгтэй, 3500 эмэгтэй иргэн уг судалгаанд орохдоо ажлынхаа дадал хэвшилд дүн шинжилгээ хийлгэж, танин мэдэхүйн хэд хэдэн туршилтад хамрагдсан байна. Үр дүнг Мельбурн хотын “Institute Worker Paper” сонинд нийтэлжээ.

Долоо хоногт 25 цаг ажилласан хүмүүсийн бүтээмж хамгийн сайн байсан бол харин 55 цаг ажилласан хүмүүсийн ажлын бүтээмж нь ажилгүй болон тэтгэвэрт гарсан хүмүүсийнхээс муу байсныг тогтоожээ.

Кэйо их сургуулийн профессор Колин Маккензи судалгааны үр дүнгийн талаар ярихдаа “олон оронд тэтгэврийн насанд хүрсэн хүмүүсийг ажиллуулах замаар тэтгэвэрт гарах насыг уртасгаж байна. Ингэснээр олон хүмүүс өтөл насандаа ажилласаар байгаа юм. Оюун ухааны идэвхжилтийн түвшин ажлын цагаас хамааралтай байх магадлалтай. Ажил нь тархины үйл ажиллагааг дэмждэг байж болох ч нөгөө талаас ажлын цаг урт байх нь ядаргаа болон стрессийг үүсгэж танин мэдэхүйн үйл ажиллагааг муутгадаг хоёр талдаа иртэй сэлэм юм" гэжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ