УИХ-ын 2020 оны сонгуульд 20.5 тэрбум төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-13 14:33:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулав.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн мэдээлснээр, 2013-2017 онд 21 аймгийн 330 сумын 23 мянга 124 гэр хорооллын гудамж, 316 мянга 199 хашаа, 23 мянга 732 байшинг хаягжуулсан. Харин нийслэлд 10 мянга 71 гэр хорооллын гудамж, 280 мянган 332 хашаа, 89 мянга 188 байшинг хаяглаж, мэдээллийн санг үүсгэсэн байна.


Монгол Улс өнөөдрийн байдлаар 3 сая 336 мянга 994 хүн амтайгаас 50.8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй байна. Үүнээс сонгуулийн насны 2 сая 114 мянга 939 иргэн байгаагийн 1.1 сая нь орон нутагт, 977 мянга нь нийслэлд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцлов. Гэхдээ сонгуулийн санал авах өдрөөс өмнө 18 нас хүрэх болон нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас үүдэн дээрх тоонд өөрчлөлт орно гэдгийг дурдсан юм.


УИХ-ын 2020 оны сонгуульд 20.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг төсөвлөснийг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээлэв.


Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох боломжтой" хэмээсэн юм.

Холбоотой мэдээ