Монголын Оюутны спортын холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-13 13:02:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Оюутны спортын холбоо /МОСХ/-ны 30 жилийн ойн баярын хурал болж, түүхэн он жилүүдийн ололт амжилтаа дүгнэж, шилдгүүдээ тодруулжээ.


Баярын хуралд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, БСШУСЯ, БТСГ, МҮОХ, МЗХ, Их дээд сургуулиудын удирдлага, оюутан, тамирчид, багш дасгалжуулагч, спортын холбоодын хүндэт зочид төлөөлөл оролцлоо. Монголын оюутны спортын холбооны түүхт 30 жилийн ойн үеэр Монгол Улсад оюутны спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 97 жилийн ой, Монгол Улсад анхны оюутны спортын наадам зохиож эхэлсний түүхт 60 жилийн ойн баярыг давхар тэмдэглэв.


Монгол Улсад оюутны спортыг хөгжүүлэх, Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны үйл хэрэгт Монголын оюутны идэвхтэй оролцоог хангах зорилгоор 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр МХЗЭ-ийн Төв хорооны товчоо, Шинжлэх Ухаан, техник дээд боловсролын улсын хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын Оюутны Холбооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлын тогтоолоор МОСХ-г анх байгуулсан түүхтэй. Харин Монголын оюутны спортын хөдөлгөөнийг 1922 онд Багшийн сургууль анх байгуулагдаж, оюутан суралцагчидтай болсон үеэс үүсэж хөгжсөн гэж үздэг.


Монгол Улсад анхны оюутны спортын Универсиад наадам зохиогдож эхэлсэн үеийг 1959 онд “Монголын залуучууд, оюутны спортын анхдугаар их наадам” зохион байгуулснаар тооцдог.


Баярын хурлыг нээж МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Голомт санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан үг хэллээ. Харин баярын хурлын илтгэлийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази тивийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан хийв. Ойн баярын үйл ажиллагаанд зориулсан баярын мэндчилгээг гадаад, дотоодын олон байгууллагаас ирүүлснийг танилцуулсан байна.


ОУОСХ-ны Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн, ШУ-ны доктор, профессор, О.В.Матыцин, АОСХ-ны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн, доктор Шуе Янчины мэндчилгээг ойд оролцогчдод танилцуулсан. Мөн МОСХ-г анх байгуулалцсан БТСГ, МЗХ-ны мэндчилгээг тухайн байгууллагуудын удирдлагууд болох Ц.Одонбаяр, Ө.Шинэхүү нар уншиж танилцуулан гардуулав. Баярын хурал дээр Универсиад наадамд оролцож байсан ахмад тамирчдаа төлөөлөн 1977 оны чөлөөт бөхийн Универсиадын аварга, МУХБаатар, МУГТ, олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга З.Ойдов үг хэлж, Болгарын Софи хотноо болсон Универсиад наадамд УБДС-ийн оюутан байхдаа оролцож байсан тухайгаа ярилаа.


Монголын оюутны спортыг хөгжүүлэх, оюутны тэмцээн, наадам зохион байгуулахад идэвхтэй оролцон, оюутны биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн, багш нарт шагнал гардуулав.


БТСГ-ын шагналаар Э.Эрдэнэбилэг, Ж.Баньдхүү, Д.Түмэнтөгс бүгд МУИС-ийн багш нар, М.Ганболд-Мон-алтиус ДС, Э.Баатарсүрэн-МУБИС нарыг, МҮОХ-ны шагнал “Алтан очир” одонгоор Л.Гүндэгмаа-ҮБТДС, Х.Батсайхан-МОСХ, “Олимпын алдар” одонгоор М.Бат-очир, М.Амаржаргал-ШУТИС, “Алтан медаль”-иар Ж.Дашпүрэв-ҮБХИС, МЗХ-ны шагнал “Хөдөлмөрийн алдар” медалиар Л.Алтанцэцэг- ҮБТДС, М.Өсөхбаяр-Мон-алтиус БТДС, “Тэргүүний залуу” алтан медалиар Б.Батзориг-ХААИС нарыг, Нийслэлийн засаг даргын шагнал Нийслэлийн тэргүүний ажилтнаар С.Амгаабазар-ХААИС, Ч.Ням-ШУТИС, жуух бичгээр Ц.Мөнх-эрдэнэ-ХААИС, П.Мөнхзул-АШУҮИС, Б.Батболд-ҮБХИС нарыг тус тус шагнасныг гардууллаа.


Мөн МОСХ-ны тусгай шагнал, хүндэт өргөмжлөлөөр Монгол Улсаас анх 1965 оны оны Универсиад наадамд амжилттай оролцсон волейболын тамирчин, багийн ахлагч МУГТ Ц.Шоовдор, Анхны Универсиадын аварга Ц.Нацагдоржийн эхнэр Б.Насанбат, Универсиад-1977 наадмын аварга З.Ойдов, Универсиад наадам, ДОАШТ-д удаа дараа амжилттай оролцсон МОСХ-ны шатрын багийн ахлах дасгалжуулагч П.Жигжидсүрэн, чөлөөт бөхийн оюутны шигшээ багийн дасгалжуулагч, ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан, “Универсиад 2003” наадмын хүрэл медальт, 2006 оны дэлхийн оюутны жүдо бөхийн аварга Х.Цагаанбаатар, “Универсиад 2013” наадам, 2014 оны оюутны дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Г.Нандинзаяа, “Универсиад 2015” наадам, 2014 оны оюутны дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Э.Даваахүү, 2018 оны ДОАШТ-ий мөнгөн медальт, хүндийн өргөлтийн ОУХМ Г.Ануужин нарыг шагнасныг МОСХ-ны дэд Ерөнхийлөгч, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны Гүйцэтгэх захирал, доктор Б.Ганхуяг гардуулан өгсөн. 


Мөн энэ үеэр МОСХ-ноос жил бүр олгодог Монгол Улсын 2019 оны “Шилдэг оюутан тамирчин”-г шалгаруулав. Шагналыг 2019 оны 7 дугаар сард Итали улсын Наполи хотноо болсон “Универсиад-2019” наадмын таеквондогийн мөнгөн медальт М.Түмэнбаяр, жүдогийн хүрэл медальт Б.Баасанжаргал болон С.Тулга дасгалжуулагчтай Азийн оюутны 2019 оны аварга 3х3 сагсан бөмбөгийн багийн тамирчин Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ нарт МОСХ-ны цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг гардуулан өгөв. Мөн 2019 оны шилдэг сургуулиар ШУТИС, МУИС, ХААИС, ҮБТДС, МОН-АЛТИУС дээд сургуулиуд шалгарлаа. 

Холбоотой мэдээ