“Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээнд "Хар сүлд" баг тэргүүлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-09 11:40:35

Архангай /МОНЦАМЭ/. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль дүрмийн мэдлэг олгох зорилготой “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн боллоо. 

Тэмцээнд Эрдэнэбулган сумын зургаан сургуулийн бага ангийн сурагчид мэндчилгээ, гэрийн даалгавар, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн таван төрөлд өрсөлдлөө. Тэргүүн байрт Ирээдүй цогцолбор сургуулийн "Хар сүлд" баг, дэд байрт Лаборатори 1-р сургуулийн "Шонхор" баг, гуравдугаар байрт 2-р сургуулийн "Хурандаа" баг шалгарлаа.

Замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадал суулгаж, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү тэмцээний ач холбогдол жил ирэх бүр нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

38 дахь жилдээ болж байгаа энэхүү тэмцээнийг нийслэл хотод Монгол Улсын гавьяат хуульч, техникийн ухааны доктор, цагдаагийн бэлтгэл хурандаа Ринчиндоржийн нэрэмжит болгон зохион байгуулсан бол Архангай аймагт ИТХ-ын даргын нэрэмжит шилжин явах цомтойгоор хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ