Уул уурхайн холбогдох хуулийг боловсронгуй болгох зорилгоор иргэдийн үзэл бодлыг сонсож байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-25 17:45:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг Говь-Алтай аймгийн Алтай хотноо 11 дүгээр сарын 25-ны өдөр болж байна.

Үндэсний хэмжээнд явуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, БОАЖГ-ын дарга Д.Батмагнай, холбогдох албаныхан болон иргэдийн төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийллээ. Тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Энэхүү хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон үйл ажиллагаа болж байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс байгаль эхээ онгон дагшин хэвээр нь хадгалан үлдэхийн тулд уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх бодлого барьдаг. Түүнчлэн уул уурхай, байгаль орчны салбарт төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг үе шаттайгаар нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэх замаар уул уурхайн салбараас хараат бус хөгжлийн бодлогыг баримталж байна. Мөн холбогдох хуулийн хэрэгжилтийг хангадаггүй, орон нутагтайгаа хамтарч ажилладаггүй аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж  буйгаа онцлон танилцуулсан юм.

Өмнөговь аймгийн “Тост, тосон бумба” хэлэлцүүлгээс үргэлжлэн үндэсний хэмжээнд өрнөж буй энэ удаагийн хэлэлцүүлэгт “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа нар оролцож байгаль орчин, уул уурхайтай холбоотой сэвдүүдээр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.

Байгаль эхээ онгон дагшнаар нь авч үлдэх, байгаль орчин, уул уурхайн холбогдох хуулийг боловсронгуй болгох зорилгоор ард иргэдийн үзэл бодлыг сонсож буй уг хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ хамтран зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ