Монгол дахь ардчиллын хөгжлийг харуулсан судалгааны ном хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-20 15:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт 1990-2019” судалгааны ном уншигчдын гарт очлоо.

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Улс төрийн харилцааны хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бүтээсэн тус номын нээлт МУИС-ийн Номын санд өнөөдөр болов.

Энэхүү хамтын бүтээл нь “Ардчиллын бэхжилт, төрийн эрх мэдлийн институтын зарим асуудал”, “Ардчиллын институцын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Монгол дахь ардчиллын эдийн засаг, социал, нийгэм-сэтгэл зүйн олон талт өөрчлөлт, тулгамдсан асуудал” гэсэн үндсэн гурван бүлэг, бүлэг тус бүрийн агуулгын хүрээнд томьёолсон гурван дэд хэсгээс бүрджээ.

Судлаач бүрийн бие даан бичсэн тодорхой дэд асуудлууд бүхий хамтын бүтээл нь Монгол дахь ардчиллын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаашид улам олон талаас нь судалж авч үзэх чухал санаачилга болсныг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ж.Төртогтох номын нээлтийн үеэр тэмдэглэв.

Энэхүү тойм судалгааны хүрээнд Монголын ардчиллын хөгжил, түүний гажуудал, өнөөгийн нөхцөл байдал, нөлөөлсөн хүчин зүйлсийг төр, нийгэм эдийн засгийн харилцаан дахь шилжилт, тогтворжилтын онол, үзэл баримтлалаар гаргахыг зорьжээ.


Номын нээлтэд Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн хэлэхдээ, “1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улсад олон намын тогтолцоо, чөлөөт сонгууль, төрийн эрх мэдлийн хуваарилалт бүхий ардчилсан тогтолцоо тогтворжин хөгжиж ирсэн билээ. Энэхүү эерэг өөрчлөлтийн зэрэгцээ засаглалын үзүүлэлт нь сүүлийн 30 жилд Монгол Улсад 16 Засгийн газар солигджээ. Гэсэн хэдий ч Төв Азийн далайд гарцгүй орны хувьд өнөөдөр тогтолцооны шилжилтийг амжилттай байгуулсан орны тоонд зүй ёсоор тооцогдох юм” хэмээв. 


Холбоотой мэдээ