Үндсэн хуулийн нэмэлтийг Ерөнхийлөгч ёсчилно

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-11-15 16:19:17

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлтийн төслийг УИХ  2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувь  дэмжлээ.  Үндсэн хуулийн нэмэлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас бүх нийтээр дагаж, мөрдөж эхэлнэ. Энэ өдөр нь билгийн улирлын 17 дугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3 рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цаг гэж цаг тооны бичигт тэмдэглэсэн байна.  


Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг 2008-2019 оны хооронд долоон удаа байгуулсан аж. Мөн 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байжээ (хэлэлцээгүй). Үндсэн хуулийн нэмэлтийн төсөлтэй холбоотойгоор улсын хэмжээнд нийт 327 мянга 375 иргэн, 24 байгууллагаас таван сая 584 мянга 832 нэгж санал гарчээ. Энэ хүрээнд ирсэн саналыг нэгтгэн үзэхэд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй асуудлаар 79 мянга 23 санал ирсэн ажээ.


Үндсэн хуулийн нэмэлтийн төслийн эхийг өргөн барьснаас хойш УИХ  таван сарын турш тасралтгүй хэлэлцсэн байна. Мөн 2019 онд  завсарлагагүй ажилласан билээ. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн гэсэн тооцоо гарчээ. Гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулсан. Энэ хугацаанд иргэдээс 306 мянган санал ирсэн байна. Мөн төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан аж.


УИХ-ын дарга Г. Занданшатар пүрэв гарагт (2019 оны 11 дугаар сарын 14)-д Үндсэн хуулийн нэмэлтийг баталсны дараа хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон хэллээ.


Аливаа зүйлийг цаг үеийн шаардлагаар өөрчилж шинэчлэхэд заавал ахиц дэвшил гардаг. Энэ ойлголтын хүрээнд Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлтийг авч үзвэл нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулах олон шинэ сайн зүйл орсон нь ойлгомжтой. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталлаа.


Уг хууль нь таван зүйлтэй бөгөөд  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нэгэн адил хүчинтэй байх аж. Хуулийн нэгдүгээр зүйлд  Үндсэн хуулийн нэмэлтэд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлтэд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж дуусгах заалт оржээ.


Үндсэн хуулийн нэмэлтийг  Ерөнхийлөгч ёсчлоно. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Холбоотой мэдээ