Монгол-Австралийн нийгэмлэгээс “Ус, ажил” сэдвээр уулзалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНДэлхийн усны өдрийг тохиолдуулан усны салбарын 70 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, усны чиглэлээр суралцагсад өнгөрсөн долоо хоногт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Ус, ажил” сэдвийн дор цуглаж, мэдлэг, мэдээллээ солилцжээ.
Уулзалт ярилцлагад Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Жон Лангтри, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассемблэйн ерөнхийлөгч, Зориг сангийн тэргүүн хатагтай С.Оюун нар хүндэт зочноор оролцов. Хүндэт зочид уулзалтыг нээн үг хэлэхдээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, дулаарал ихээр явагдаж усны нөөц багасч байгааг дэлхийн болон өөрийн орны жишээн дээр тайлбарлан, цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, бэхжүүлэх үүднээс ус, түүнтэй холбоотой асуудлыг олон нийтэд таниулахаас гадна үр дүнтэй шийдлүүдийг гаргаж, хамтран ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд санууллаа.
Усны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээлэл солилцох энэхүү уулзалтыг Монгол Австралийн нийгэмлэг буюу тодруулбал Австралид төгсөгчдийн “Моззис” холбооноос санхүүжүүлж, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-т суралцагсад, “Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв” ТББ хамтран зохион байгуулжээ. Уулзалт ярилцлагад ХААИС-ийн багш, доктор Ш.Баранчулуун, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн багш, доктор, профессор С.Чулуунхуяг, Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал, доктор Я.Бямбасүрэн нар монгол орны усны аюулгүй байдал, усны салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд анхаарах асуудлууд, менторинг-халамжлан хүмүүжүүлэх сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн Монгол Австралийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа, Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Батцэрэн нар оролцож, өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар таницуулжээ. Австрали Улсад байгаль орчны чиглэлээр суралцсан Х.Номинболор өөрийн эзэмшсэн мэдлэг, тус улсын усны салбарын туршлагын талаар оролцогчдод мэдээлж, санал солилцсон юм. Уулзалт ярилцлагаар хэлэлцсэн сэдвүүд нь монгол орны ус, усны нөөц, усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, салбарын нөөц, бүтэц зэрэг чухал асуудлуудыг хөндсөн бөгөөд түүнчлэн усны салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, ирээдүйн боловсон хүчнүүдийг нэгтгэж, мэдлэг, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж олгосон арга хэмжээ болж буйг оролцогчид дүгнэж, цаашид ч энэ төрлийн уулзалт ярилцлагыг тогтмол зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлжээ.
Н.Туяа