Чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ-нд Дархан баг түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-14 23:40:49

Өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын гуравны хооронд Улаанбаатар хотод болсон “Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д Дархан-Уул аймгийн баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Энэ тухай Дархан сумын ЗДТГ-ын ОНХА-ны мэдээллийн ажилтан Ж.Золзаяа сэтгүүлчдэд мэдээллээ.

Уг тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн өсвөрийн тамирчдыг сумын Засаг дарга Б.Азжаргал хүлээн авч уулзсан байна. Улаанбаатар хотын “Буянт ухаа” спортын цогцолборт анх удаа зургаан дэвжээн дээр нэгэн зэрэг явагдсан уг тэмцээнд тус аймгийн тамирчид амжилттай оролцож эрэгтэйчүүдийн төрөлд багаараа тэргүүн байр эзэлж дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Шилдгүүдийн дотроос энэ тэмцээний 46, 54 кг-ын жинд тус тус алтан медаль хүртсэн өсвөрийн тамирчид  удахгүй болох Ази тивийн болон дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ. Сумын Засаг дарга чөлөөт бөхийн өсвөрийн тамирчин Н.Наранхүү, Г.Жамсаранжав нар болон бусад өсвөрийн бөхчүүдэд баяр хүргэж ирэх тэмцээн уралдаандуудад нь амжилт хүслээ.

                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ