Ж.Батсуурь: Бизнесийн салбарт хязгаар гэж байхгүй, ганцхан түүнийг олж харах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 16:17:25

Монгол Улсад хамгийн олон удаа буюу 4 жил дараалан шилдэг аймгаар шалгарсан Сүхбаатар аймгийн засаг дарга Ж. Батсуурьтай ярилцлаа.

-Юуны өмнө 4 жил дараалан шилдэг аймгаар шалгарсан танд болон танай баг хамт олон, нутгийн олонд баяр хүргэе. Өөрийг тань засаглал барих 8 жилийн хугацаанд Сүхбаатар аймаг дөрвөн удаа буюу хамгийн олон удаа шилдгээр шалгарч буй аймаг боллоо. Ер нь ингэж удаа дараа шилдэг аймгаар шалгарахад нөлөөлсөн хүчин зүйлүүд нь юу вэ?

-За баярлалаа. Нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие нийт Сүхбаатарчуудтайгаа хамтарч 8 дахь жилдээ буюу хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байна. Сүхбаатар бол 74 жилийн түүхтэй аймаг. Сүүлийн дөрвөн жилд буюу Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газруудаас 4 дэх удаагаа Монгол Улсын Шилдэг аймаг гэсэн цолыг авлаа. Мэдээж энэ бол Сүхбаатар аймаг байгуулагдсанаас хойш түүхэн цаг хугацааны үйл явдал боловч сүүлийн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалт, ард иргэдтэйгээ хамтарч хийсэн ажлыг үр дүн гарч байна гэж үзэж байна. Нэгэнт би өөрөө 2 бүрэн эрхийн хугацаа дуусгаж байгаа учраас энэ хугацаагаар таслаж хэлээд байгаа юм. Найман жилийн өмнө суурь бүтэц буюу нэлээд дороос эхэлж, бодлогын шийдэлтэй газар чөлөөлөлт, шинэ бүтээн байгуулалт, шинэ төлөвлөлтийн асуудлууд, алсыг харсан бодлогын ажлуудыг эхлүүлсэн. Түүнийхээ үр шимийг хүртэж байна гэж ойлгож байгаа. Ер нь алсыг харсан хөрөнгө оруулалтын үр шим бол ойрын хугацаанд бус, алсдаа гардаг. Зарим хүмүүс, өөрөөр хэлбэл сөрөг хүчний хүмүүс сүүлийн жилүүдийг магтаж ярьж байна, өмнөхөө үгүйсгэж байна гэж хэлдэг. Гэтэл өмнөхөө үгүйсгэж байгаа асуудал ерөөсөө ч биш. Жишээлбэл 74 жилийн түүхийн бүхий л статистик тоог хараад үзвэл хүн амын тоо, хүмүүсийн насжилт, эдийн засгийн нөхцөл байдал, хадгаламж, зээлийн эргэлт, зам уртассан, байшин өндөрссөн гээд аль ч талаараа илэрхийлэгдээд байгаа юм. Тиймээс өмнөх хүмүүс юу ч хийж байгаагүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй, хэлэх ч ёсгүй. Тэгээд ер нь бид бодлогоо гаргаж тавьсан, түүнийг нийт ард түмэн дэмжсэн, тэгээд хамтаараа хийсэн ажлын үр дүнг Монгол Улсын Засгийн газар үнэлээд байгаа юм. Иргэн хүн өөрөө ухамсартай байж амьдрал нь бага багаар дээшлэхийг л бид хөгжил гэж яриад байгаа гэхээс биш, тодорхой хэдэн хүмүүсийг тасалж аваад хөгжүүлчихсэн зүйл ерөөсөө ч байхгүй. Ажилгүйдэл байна уу гэвэл байна. Хойшдоо ч байна, 3000 он гарсан ч яригдаж л байх асуудал. Өнөөдөр дэлхий дээр бүх эдийн засгаараа АНУ ноёрхож байна. Гэтэл тэнд ч гэсэн манайд яригддаг зүйл яг л яригдаж байдаг. Ажилгүйдэл, цалин бага, түрээсийн байранд амьдарч байна гээд бүгдийг л яриад байгаа юм. Тэгэхээр хөгжил гэж юу вэ? гэхээр өмнө нь байсан оромноосоо тодорхой хугацааны дараа хэр хэмжээний өндөрт гарч вэ гэдгийг л хэмжих нэгж юм. Хөгжил бол амьд организм байсан цагт өдөр болгон л явагдаж байдаг зүйл. Энэ агуулгаараа л би сүүлийн 8 жилийн ажил, ялангуяа сүүлийн 4 жилийн ажлыг Монгол Улсын Засгийн газар дүгнэж, Сүхбаатарчуудын хийсан ажилд дүн тавьсан ийм шагнал байлаа л гэж ойлгож байгаа юм.

-Мэдээж Сүхбаатар аймаг өнгө нэмж иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдэж чадсан. Гэхдээ аливаа улс орны хөгжлийг дүгнэдэг гол үзүүлэлт бол ард иргэдийнх  нь амьдрал ямар байна гэдэг зүйл шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Сүхбаатарчууд, нийт ард иргэдийн тань амьдрал яг ямар түвшинд байна гэж та хэлэх вэ?

-Сүхбаатарчуудын амьдрал 2008 онтой харьцуулахад дээрдсэн үү гэвэл хангалттай дээрдсэн. Доошоо орсон зүйл бол байхгүй. Гэхдээ бүс нутгуудын хувьд өөр байгаа л даа. Жишээлбэл: Иргэд худалдан авалт хийхдээ граммлаж байна, таллаж байна гэж янз бүрээр л ярьж байна. Хэзээ бид талалдаггүй байсан юм, 1990 онд гэрэлтэй айл гэж байхгүй, хувцасаа индүүдэг айл, угаалгын машинтай, хөргөгчтэй айл гэж байдаггүй байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр хөргөгчгүй, телевизгүй, гэрэл цахилгаангүй айл гэж байхгүй болсон. Ингээд хөгжил дэвшил яваад л байгаа юм. Тэгвэл би ажил гэдгийг тодорхойлох гээл үзье. Ажил гэдэг бол орлого. Ажил хийж мөнгө олдог, мөнгө олж өөрийгөө, гэр орноо, үр хүүхдээ тэжээдэг. Хамгийн наад зах нь жижүүрийн ажил хийгээд сард 400 мянган төгрөний цалин авч байгаа хүнийг ажилтай гэж бүртгээд, сардаа 700-800 мянган төгрөгний орлого олж байгаа хүнийг ажилгүй гэж яриад байгаа юм өнөөгийн нийгэм. Би үүнийг их гайхдаг. Асуудал нь юу гэвэл ажилгүйдэл гэдгийг тодорхойлж байгаа ухагдахуун нь буруу гэж үзэж байгаа юм. Алаг нүдээ, арван хуруутайгаа хөдөлгөж байгаа хүмүүст бол хаа ч ажил олдоно. Өглөө гараад өдөрт 30 мянган төгрөгийн ажил хийхэд сард 900 мянган төгрөг олно. Энэ бол хувь хүний сонголтын л асуудал. Өнөөдөр газар шороо, зам, барилгын ажил хаа сайгүй байна. Хамгийн гол нь хүмүүс хийхгүй байна. Ер нь эдийн засгийн хямрал бол хувь хүнд нөлөөлөх ёсгүй. Энэ бол том бүтээн байгуулалт зогсоход л нөлөөлнө. Эдийн засаг хямарлаа гээд яагаад хиртэй хувцастай явах ёстой юм, өөрийгөө тордох, гэр орондоо өнгө үзэмж оруулах, хашаа хороогоо цэгцэлж янзлах, хоггүй хотод амьдрахад хэнд хамаатай юм. Мөнгө олж яадаг юм гэхээр хөрөнгө оруулалт л хийдэг. Тэгэхээр ийм л асуудлын зөрүү хүмүүсийн дунд байгаа юм.

-Сүхбаатар аймаг Монгол Улсын хэмжээнд анх удаа 4 жил дараалан шилдэг аймаг боллоо. Тэгэхээр хөрш зэргэлдээх аймгууд төдийгүй 21 аймгийн удирдлага, ард иргэд одоо Сүхбаатарчууд юу хийх бол гэсэн хүлээлттэй байгаа байх. Цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулбал?

-Сүхбаатарчууд өөртөө итгэлтэй болсон, сэтгэлгээний өөрчлөлтөнд орсон. Өмнө нь хийсэн ажлуудын үр шимийг дөнгөж авч эхэлж байна. Ирэх жил, түүний дараа дараагийн жил улам л их ургац авах ёстой. Одоо Сүхбаатарчууд Монгол Улсын далайд гарах хамгийн дөт замыг нээх ёстой. Байршлаараа мөнгө олдог байх ёстой, аялал жуулчлалыг татах ёстой. Энэ агуулгаараа зөвхөн бүс нутаг, аймгийн хөгжил биш, бүх үйл явцаараа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах цаг болсон. Тиймээс бид Монгол Улсын далайд гарах авто бөгөөд төмөр зам, цаашлаад агаарын замыг нээх ёстой. Хүмүүс нь үүнийгээ ашиглаад аялал жуулчлалаа хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхайгаа нээх ёстой. Дээр нь бидний хамгийн гол зорилго бол бэлчээрийн мал аж ахуйгаа ашиглах явдал. Одоо манай аймагт 3 сая гаруй мал байна. Энэ хавар гэхэд 1,3 сая төл хүлээн авна. Намайг засаг дарга болоход 1,5 сая малтай байсан бол одоо 2 дахин өссөн байна. Ер нь бүхий л зүйлийг өөдрөгөөр харж байна даа. Мэдээж уруу дорой бодож байгаа, болохгүй байна гэх хүн байгаа. Тэрийг бол би нийгэмрүү хандахаасаа илүүтэй хувь хүн өөрөө өөртөө хандах хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм. Эрт босох, хөдөлмөрлөх, орой унтаж амьдралынхаа төлөө эрэлхийлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол картын бараа хүлээгээд, хэн надад хэдэн төгрөг өгөх бол гээд хараад суугаад байвал дордоод л байна. Өглөө босоод аргал түүхэд л мөнгө шүү дээ. Манайх чинь сайхан өргөн тал нутагтай аймаг шүү дээ. Надад бол эргэн тойронд байнга мөнгө харагдаж байдаг. Бизнесийн салбарт хязгаар гэж байхгүй, ганцхан олж харах, түүнийгээ хүмүүст таниулах л хэрэгтэй. Өнөөдөр мухардчихсан юм шиг, бүх бизнесийг нэг хүн эзэлчихсэн юм шиг тийм бодолтой хүмүүс байдаг. Тэрийг бол би алсыг харж чадахгүй байна л гэж хэлнэ.

-Улс орны хэмжээнд эдийн засгийн нөхцөл бадал хүнд байгаа. Гэхдээ улсаас мөнгө өгөхгүй байна, санхүүжилт орж ирсэнгүй гээд зүгээр суугаад байж болохгүй. Өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглаад юм хийж болдог юм гэдгийг Сүхбаатарчууд харууллаа гэж та хэлж байсан удаатай?

-Тийм ээ. Манай аймаг Чингис, Самурай бондуудаас мөнгө аваагүй. Орон сууцны корпорациас санхүүжилт аваагүй. Гэсэн хэдий ч аймгуудийн тавьж байгаа уулзваруудаас илүү уулзвар хийлээ, хүмүүсээс олон орон сууц барилаа, хүмүүсээс илүү малаа өсгөчихсөн байна, хүмүүсээс илүү хадгаламжтай байна. Үүнийг бид ярихгүй гээд яах юм. Хэн нэгнээс айгаад ярихгүй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол би нийт Сүхбаатарчуудын өөртөө итгэлтэй байгаа байдал, өөрсдийн амжиргаандаа хандаж байгаа хандлага, сэтгэлгээний өөрчлөлт гэж үзэж байгаа юм.

-Одоо тэгвэл та Сүхбаатар аймагтаа юу хийх вэ, энэ аймагт дутагдаж байгаа зүйл юу байна?

-Мэдээж зөндөө байна. Угаасаа нийгэм, хувь хүн ханана гэж байхгүй. Хүний сэтгэл хэзээ ч ханадаггүй. Тиймээс, тодорхой нийгмийг жолоодогч хошуулагч хүмүүс ухаанаа олоод байх биш, нийт хүмүүс ухаанаа олох ёстой. Амьдралд хөл тавьж байгаа бүх хүмүүс ухаанаа олоод хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид алхаад босдог нийгэмд биш, арван хуруугаа хөдөлгөдөг нийгэмд амьдарч байгаа. Тиймээс энэ сэтгэлгээгээ л өөрчлөх ёстой. Ийм сэтгэлгээтэй хүн хаана ч амьдрана, дахиад илүү хямарсан ч амьдарна, бүр болохгүй болсон ч хүн амьдарна. Амьдрал зогсоно гэж байхгүй. Бидний сонгосон энэ нийгэмд яаж амьдрах нь хувь хүний асуудал. Хүн зөв сэтгэлтэй, зөв сэтгэлгээтэй байхад амьдрал байнгын аз жаргалтай, байнга өөдрөг байж өглөө босоход л дэвшээд байна. Тийм болохоор би нийт ард түмнийхээ амьдрал ахуйд гэгээн сайхнаар мөрөөдөлтэй байдаг. Эцэст нь хэлэхэд Монголын хувь заяа өндөр байгаа , үүн дээр Монгол эх орныхоо хөгжилд Сүхбаатарчуудын хувь нэмрээ оруулах цаг болсон гэдгийг дахин хэлмээр байна.

-Зав гарган ярилцсанд баярлалаа. Танд болон танай баг хамт олонд амжилт хүсье?

-Баярлалаа, та бүхэнд ч гэсэн сайн сайхныг хүсье.

Ярилцсан Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ