Тэтгэвэр ирэх онд нэмнэ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-10-31 16:00:42

Монгол улсын нэн шинэ түүхэнд 1990 он тодоос тод тэмдэглэгдсэн байх юм. Ингэж хэлэхээр олон нийтийн толгойд ардчилсан хувьсгал гэх ойлголт орж ирнэ. Гэхдээ энд хөндөх гэж байгаа сэдэв  түүнээс арай өөр байх болно. Хүний амьдралд сөргөөр нөлөөлсөн нэгэн үйл явдлын талаар эргэн харах хэрэгтэй гэж үзсэн билээ. Энэ бол одоо шийдлээ хүлээж байгаа ахмад настны тэтгэвэр, түүний нэмэлт, хоорондын зөрүү байх юм. Нийгэм, эдийн засгийн нэг тогтолцоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-1991 онд 288 мянган хүн тэтгэвэрт гарчээ. Тэднээс 133 мянга  нь хөнгөлөлт (олон хүүхэдтэй, газрын доор, хүнд хортой, халуун )-тэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгожээ. Эдгээр иргэнээс өнөөгийн байдлаар 21 мянган гаруй нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу хамгийн бага орлоготой иргэд болон хувирчээ. Тэдний дундаас олон хүүхэдтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 11 мянга 200 эмэгтэйн дунд судалгаа хийхэд,  3 600  нь 280 мянга, 7 600  нь 280-300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг нь тогтоогджээ. 


Улсын бага хурал (УБХ)-ын 1990 онд баталсан тэтгэврийн хуулиар ажлын байр чөлөөлөх нэрийн доор тухайн үед дээрх иргэд тэтгэвэрт гарсан аж. Гэвч хожим 1997 онд Засгийн газар (Ерөнхий сайд М.Энхсайхан)-ын шийдвэрээр тэднийг тэтгэвэргүй болгожээ. Харин эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрч байж ажилласан жил (20) хүрээгүй гэдэг шалтгаанаар бага  тэтгэвэрт эргэн хамрагджээ. Тэдний тэтгэврийн суурийг 50 мянган төгрөгөөр нэмэх эх үүсвэрийг 2020 оны улсын төсвийн төсөлд Засгийн газар оруулжээ. Тэтгэврийн суурийг 50 мянган төгрөгөөр нэмэхэд хамрагдах 21 мянган иргэн байгаа аж. Тэдний 18 мянга орчим нь эмэгтэйчүүд, үлдсэн нь эрэгтэйчүүд гэнэ. Энэ бол тэдэнд  зориулж төр засгаас тусгайлан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ.  


Нийгмийн даатгалын сан (НДС)-гаас улсын хэмжээнд 418 мянга 400 иргэн тэтгэвэр авдаг. Тус сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэхээр 150.6 тэрбум төгрөг 2020 оны улсын төсвийн төсөлд оруулжээ. Өндөр настны тэтгэвийг 2019 оны хоёрдугаар сард  нэмэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмж 310 мянга болгож байсан юм. Тэгвэл энэ жишгээр 2020 онд тэтгэврийн доод хэмжээг түлхүү нэмэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэх явдлыг иргэд тэтгэврийн зөрүүг арилгахтай адилтгаж үзэх гээд байдаг. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх  нь орлого багатай иргэдийн бэлэн мөнгөн орлогыг нэмж байгаа нэг хэлбэр.


Харин тэтгэврийн зөрүү гэдэг  ойлголт түүнээс өөр юм билээ. Тухайлбал, дунд сургуульд 2006 оноос өмнө 36 жил ажилласан багш, 2016 он хүртэл 36 жил ажилласан багш хоёрын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг нь ижилхэн.  Гэтэл энэ хоёр багшийн  2019 онд авдаг тэтгэвэр хоорондоо 200 орчим мянган төгрөгийн зөрүүтэй байна. Багш нарын тэтгэвэр тогтоолгох үеийн цалингийн зөрүү ингэж авах тэтгэвэрт нь нөлөөлжээ. Энэ  зөрүүг  тэтгэврийн зөрүү гэж ойлгож болно. Гэхдээ түүнийг хэрхэн яаж арилгах вэ гэж жил бүр улсын төсөв хэлэлцэхэд, УИХ-ын гишүүд сөхдөг. Гэвч нэгдсэн шийдэлд хүрэхгүй өнөөдрийг хүрлээ. Түүнээс биш жил бүр тэтгэвэр  нэмэх хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгадаг. Тэр дагуу ирэх жил тэтгэвэр нэмэх нь тодорхой. Энэ байдал цаашид  УИХ, Засгийн газрын бодлого байх биз ээ.

Холбоотой мэдээ