Г.Буяндалай: Тэс суманд хийсэн хөрөнгө оруулалтын ажлууд дуусах шатандаа орсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-24 17:29:20

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Тэс сумын ЗДТГ-ын дарга Г.Буяндалайтай энэ жил тус суманд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар цөөн хором хөөрөлдлөө.


-Энэ жил танай суманд улсын болон орон нутгийн төсвөөр ямар ажлууд хийсэн бэ?

-Хэд хэдэн томоохон ажил төлөвлөсөн маань амжилттай хэрэгжиж, ихэнх нь дуусах шатандаа ороод байна. Тухайлбал, сумын төвийн тохижилт, дотуур байрны өргөтгөл, соёлын төвийн засвар, шилэн кабелийн дахин дамжуулах сүлжээ барих гэх мэт ажлууд хийж байна. Дотуур байрны өргөтгөлийг улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр он дамнуулан барьж байгаа бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтад орно. Соёлын төвийн засварын ажилд 50 сая төгрөг төсөвлөгдсөн бөгөөд одоогоор ажил нь дуусах шатандаа орчихсон. Харин сумын төвийн тохижилтын ажлыг ирэх хавар хийж дуусах юм байна. Үүнээс гадна аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар мал угаалгын ванн барих, гүний худаг гаргахаар 45 сая төгрөг төсөвлөгдсөн. Энэ ажил харин эхлээгүй байна. Тэс сум руу тээвэр хийхэд элс, ус ихтэй, зам харгуй хэцүү тул ашиггүй ажил гээд тендерт ямар ч компани оролцоогүй. Харин сумын ЗДТГ-ын машины парк шинэчлэлт 30 сая төгрөгөөр, багийн төвийн тохижилт 50 сая төгрөгөөр, дөрвөн багийн усжуулалтын ажил 25 сая төгрөгөөр тус тус хийж дууссан.

Эдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг төрөлх сумандаа хийж хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн, Төсвийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумын удирдлагууддаа баярлалаа гэж хэлэх байна.

-“Тэс сум сурталчлах өдөр” аймгийн төвд болсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Аймаг, сумын Засаг даргын гэрээнд заасны дагуу энэ жил гурван сум Улаангом хотноо “Сум сурталчлах өдөр”-өө хийж байгаа. Энэ дагуу 10-р сарын 13-нд “Тэс сумаа сурталчлах өдөр”-ийг аймгийн төвд хийсэн. Тэсийн голын унаган адуу хурдаараа Увс аймагтаа төдийгүй, Монгол Улсдаа алдартай. Иймээс Тэс сумаас төрөн гарсан алдарт уяачид, бөхчүүд, төрийн албан хаагчид, ард иргэд оролцсон 50 морьтны жагсаал хийсэн. Уг нь бол 100 гаруй морьтонтой жагсаал болох байсан ч цаг үеийн байдлаас болоод 50 болсон. Бид аймгийн төвийн гудамжаар морьтой тойрч, улмаар Гиваан баатарын талбайд очиж нэгдсэн арга хэмжээгээ хийсэн. Энэ үеэр Тэс суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 30 гаруй иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан. Тухайлбал, талх нарийн боов, монгол гутал, цагаан ултай гутал, гар урлалын бүтээл, сийлбэр, мужааны бүтээл, гэрийн мод, байгалийн цэвэр зөгийн бал, чацаргана гэх мэт бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан. Борлуулалт ч боломжийн түвшинд хийсэн байгаа.

Дараагаар нь аймгийн Бөхийн өргөөнд хүчит 32 бөхийн барилдаан, “Ойрад театрт сумын ардын авьяастнууд, Ахлах сургууль, 1, 2-р бага сургууль, төрийн албан хаагчид оролцсон 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хоёр цагийн урлагийн тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт зэргийг хийсэн. Энэ ажлыг хийхэд Ж.Александр даргатай Улаангом хот дахь Тэс сумын Нутгийн зөвлөлийн гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ю.Төгсжаргал, аймгийн Засаг дарга асан Л.Тогоо болон нутгаа гэсэн сэтгэлтэй залуус, ард иргэд ихээхэн тусалж дэмжсэн. 

-Тэс омгийн адууг үүлдэр болгон батлуулах ажил ямар шатанд явна?

-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Манай-Увс хөтөлбөрт тусгагдсаны дагуу Тэс омгийн адууг үүлдэр болгон батлуулах ажил эрчимтэй явж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Тэс адуунд хэмжилт хийх, зураг авах, баримтжуулах ажлаар ХХААХҮЯ-ны мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан болон аймгийн ХХААГ-ын мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг манай суманд хоёр өдөр ажиллаад буцсан. Тэд сонгож авсан адуундаа бүх төрлийн хэмжээс хийж тэмдэглэж авсны дараагаар төхөөрч, яс, махыг нь тус тусад нь жигнэж хэмжиж үзсэн байгаа.

Яг энэ аргаар Тэс адуунд хэмжилт хийх ажлыг өнгөрсөн хавар мөн хийсэн. 

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ