“Гал голомт” хүндэтгэл хүртлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-10-22 17:19:10

Төв /МОНЦАМЭ/.  “Гал голомт” хүндэтгэлийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Цэрэндаваа гардан авлаа. Энэхүү бэлгэдэл нь Төв аймгийн Төрийн албан хаагчдын хувьд онцгой хүндэтгэл ажээ.

“Гал голомт” бэлгэдэл хүндэтгэлийг анх Төр захиргааны ахмад зүтгэлтэн Г.Юндэн тухайн үеийн төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй хамтран бүтээж, аймгийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 195 дугаар захирамжаар баталжээ.

“Гал голомт” хүндэтгэлийн бэлгэдэл нь ард түмнийхээ тусын тулд төрд чин үнэнчээр зүтгэж, төрийн хуулийг дээдлэн, бусдыгаа манлайлж буйг илтгэсэн, Төв аймгийн төрийн түшээдийн даган дуурайж, үлгэрлэж явах эрхэм чанарын илэрхийлэл аж.
“Гал голомт” бэлгэдлийн ам дөрвөлжин дүрс бол газар нутгийг төлөөлөх бөгөөд Монгол Улсын төрийн хууль иргэн бүрт тэгш үйлчилнэ гэсэн утга санааг илэрхийл
дэг байна.

Талбайн төвд байрласан хөх, улаан, ногоон, шар өнгүүд нь Мөнх тэнгэрийн орон, төгс төгөлдөр бадрангуй тэмүүлэл, үзэсгэлэнт сайхан хангай, нүд алдам уудам тал, алтан говийг тус тус төлөөлдөг бол талбайн голд дөрвөн зүгт тэмүүлэх дүрс /хүрд/ нь эх орны өнцөг булан бүрийг, ирээдүй рүү тэмүүлэх дүр төрхийг, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцлийг илтгэж байгаа гэнэ.

Ургах нарны голд “Төв” гэсэн үгийг монгол үсгээр эвхэн бичиж, тулга болгосон бөгөөд тулганы галын дөл бадарч байгаа нь Төв аймгийнхны сүлд хийморь болж, гал голомтоо дээдэлж явдгийг бэлгэджээ.

Холбоотой мэдээ