Ундны усны худагт шүүлтүүр тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ НҮБ-ын хүүхдийн сангаас хүнд металл илэрсэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ундны усны худагт тавих шүүлтүүрийн зардалд 77.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази Номхон далайн бүсийн зөвлөх Эверсти Коуси Комлан болон Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн ажилтнууд аравдугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэд тус аймагт хэрэгжиж буй "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд хийж буй хөрөнгө оруулалтын ажилтай танилцан орон нутгийн удирдлагууд, салбарын байгууллагуудын төлөөлөлтэй хамтын ажиллагааны санал солилцсон юм.
"Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас орон нутгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, аюулгүй байдлыг сайжруулахад энэ онд нийт 10 ажилд 271.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа ажээ.