Ихэр гүемтэй ирвэсний хөшөө босголоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-10-21 22:04:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын ирвэс хамгаалах өдрийн хүрээнд "Дэлхийн байгаль хамгаалах сан"-гийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэнд ихэр гүемтэй ирвэсийн хөшөө босголоо.

Хөшөөний нээлт энэ сарын 21-ний өдөр болсон бөгөөд нээлтэд тус аймгийн Засаг даргын зөвлөх В.Сүррагчаа, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасан, ОХУ-ын Тува, Алтайн БНУ, Баян-Өлгий, Ховд, Увс, Өмнөговь аймгийн эко клубуудын багш, сурагчид нийт 200 орчим төлөөлөл оролцлоо.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал, жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Цоохорын цоглог найзууд” фестивалийг 10 дугаар сарын 21-ний өдөр Алтай хотод зохион байгуулж байна. Мөн үеэр дээрх эко клубүүдээс оролцогчид өнгөрсөн оны хичээлийн жилд хийсэн шилдгийн шилдэг ажлаа тайлагнах ажээ. Мөн ирвэсийн эх нутаг болох Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Мазаалай” театрын уран бүтээлчид Ю.Санжаагончигийн зохиолоос сэдэвлэсэн “Цоохор найз” хүүхдийн жүжгийг толилуулах юм.