Өсвөрийн аврагчид анх удаа аваргуудаа тодруулна

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-10-17 13:11:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллага, МУЗН-тэй хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Тэмцээний нээлтэд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга Д.Энхбаатар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Стратеги үнэлгээний захирал Б.Болорцэцэг нар оролцож, тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүссэн юм.

Анх удаагаа зохион байгуулж буй улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV  сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Бумбат” бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцож байна.

 Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.


Холбоотой мэдээ