Иргэд төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-16 11:31:43

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь “Солонго цогцолборт төрийн бүх шатны байгууллагын нээлттэй хаалганы өдөр 10 дугаар сарын 17-нд болно.

Энэ үеэр иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхээс гадна зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтийг газар дээр нь барагдуулах гэнэ.

Галын аюулгүй байдлын дүгнэлт олгох зөвлөмж, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, газар эзэмших, ашиглах эрхийн баталгаажуулалт, бүртгэлжүүлэлт, барьцаа лавлагаа, кадастрын зургаар үйлчлэх, газар өмчлөх эрхийн лавлагаа, дахин төлөвлөлтийн талаар танилцуулга мэдээлэл, засвар үйлчилгээтэй холбоотой санал хүлээлтийг хүлээн авахаас гадна даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, хэвлийн ЭХО зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа ажээ.

Мөн иргэний үнэмлэх дахин авах бүртгэл, захиалга, эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, мэдүүлэг хүлээн авах, гарсан гэрчилгээ олгох, жолооны эрх сэргээх, хугацаа дууссан үнэмлэх солиулах, шинээр ажилд орохыг хүссэн иргэдийг бүртгэх зэрэг 26 байгууллагын 83 төрлийн үйлчилгээг энэ өдөр иргэн та авч болох юм байна.

Үүнээс гадна аймгийн музей иргэддээ энэ өдөр үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ