УИХ-ын 57 гишүүний дэмжлэг хэрэгтэй саналууд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-10-15 12:59:27

Ерөнхийлөгч  ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн нэмэлтийн эхийг баталсан 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авсан билээ. Хүлээн аваад зогсохгүй зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн эхний үр дүн гарч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилжээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх бол нэмэлт, өөрчлөлтийн эхийг “зөвшөөрнө, татгалзана” гэснээс өөр асуудлаар санал асуулга хамт явуулахыг хориглосон заалт оруулжээ. Хуульд дээрх өөрчлөлт орсноор Үндсэн хуулийн нэмэлтийн эхтэй хамт ард түмнээс засаглалын хэлбэр гэх мэт ямар нэг өөр зүйлийг давхар асуух боломжгүй болов бололтой.

Мөн Үндсэн хуулийн нэмэлтийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзсэнээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтыг саналын томьёололд оруулахгүй  байхаар өөрчилжээ.

Ингэж хууль өөрчлөгдсөнөөр ажлын хэсэгт орсон Ардчилсан нам “Ерөнхийлөгчийг УИХ-аас томилно. Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг томилж, чөлөөлнө. УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулна“ гэсэн санал. Мөн “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно. Засгийн газрын бусад гишүүнийг УИХ-ын гишүүдээс томилохгүй” гэсэн Ерөнхийлөгчийн гаргасан саналыг авч үзэх үүд хаалга нээгдэв бололтой.  Эдгээр санал хоёрдугаар хэлэлцүүлэгт  орсон. Гэвч Үндсэн хуульд нэмэлт оруулах  УИХ-ын 57 гишүүний дэмжлэг авсан байх ёстой гэж  хуулиар тогтоосон “Үндсэн хуулийн нэмэлтийн алтан босго”-ыг давж чадахгүй бүдэрсэн байдаг. Эдгээр зарчмын зөрүүтэй санал эргэж авагдах ч УИХ-ын 57 гишүүнээр дэмжүүлэх “Үндсэн хуулийн нэмэлтийн  алтан босго” давах ёстой саналууд болон хувирав бололтой. Эдгээр нөхцөл байдлыг тооцож хууль тогтоогчид  эрх зүйн өөрчлөлтийг хийсэн болов уу. Энэ хуулийн өөрчлөлтөөс  дээрх  саналуудыг УИХ -ын гишүүд дэмжих юм байна гэсэн ойлголт нийгэмд гарч ирлээ. Энэ бол сайн хэрэг.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотой УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг журмын хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан аж. Түүнээс гадна Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн нэр томъёотой холбоотой заалтуудад холбогдох өөрчлөлт оруулж, Үндсэн хуультай нийцүүлсэн гэнэ. Эрх зүйн шинэ орчин бүрдүүлснээр Үндсэн хуулийн нэмэлтийг УИХ хэлэлцэхэд гарсан процесийн алдаа арилах бололтой.

Ийм шинэ орчинтой болсноор Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлтэд орохгүй хоцрох байсан зарим зүйл заалт нэмэгдэх магадлал гарч ирлээ.  Хоёрдугаар хэлэлцүүлэгт хүрээд түр завсарласан, Үндсэн хуулийн нэмэлт одоо шинэ эрх зүйн орчинд үргэлжлэх бололтой. Хууль эрх зүйн шинэ орчин бий болгоход доорх хуулийн заалтууд үндэс суурь нь болсон байна.

Тэдгээрээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хоёр заалтыг авч үзье. Нэгдүгээрт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно”. Хоёрдугаарт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” хэмээн тус тус заасан байдаг юм байна.  Энэ хуулийн зүйл заалтын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөх төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж чуулганы нэгдсэн хуралдаан (2019-10-11)-аар баталжээ.

УИХ-ын зөвшилцлийн ажлын хэсэг болон гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандан өөр өөрийн байр суурийг хадгалан Үндсэн хуулийн нэмэлтийн зүйл, заалт нэр, томьёог нэг бүрчлэн авч үзэх болов уу гэсэн хүлээлт байна. Хэвлэл мэдээллээр улстөрчид, хуульчид байр сууриа илэрхийлэх юм. Тэднээс сэтгүүлчид ч хоцроогүй. Тэдний байр суурийг харвал ард нийтийн санал асуулгын талаар харилцан адилгүй байгаа бололтой. Нэг хэсэг нь ард түмнээс асуух нь зөв гэж байхад, нөгөө хэсэг нь асуух шаардлагагүй гэж байх жишээтэй. Нийгэм Үндсэн хуулийн нэмэлтэд олон ургальч байр сууринаас хандаж байгаа нь энэ. Гэхдээ  эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Тэдний гаргасан шийдвэрийг  иргэд болон ирээдүй  шүүх буйзаа. Ард түмний болон түүхийн өмнө хүлээх хариуцлага гэж шийдвэр гаргагчдад өдөр бүхэн тулгарахгүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт гэдэг бол ард түмний болон түүхийн өмнө тэднийг авч очдог юм билээ.  Үндсэн хуулийн 2000 оны нэмэлтээс үүнийг харж болно. Алдаж болохгүй агшин  УИХ-ын өмнө эргэн ирэв бололтой.

Холбоотой мэдээ