Ургац арвин, дурсамж дүүрэн 60 намар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-10-11 18:05:25

Намрыг ургацгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгээд ч энэ жил атарын 60 жилийн  ойг тэмдэглэнэ гэж тариаланчид хоорондоо маш их ярьж байгаа. Монголын газар тариаланг энэ богинохон хугацаан (60 жил)-гаар хязгаарлах боломжгүй. Одоогоос 60 жилийн өмнөх намар гэдэг бол 1959 он. Тэрхүү 1959 он гэхэд манай улсад 21 сангийн аж ахуй (САА) үйл ажиллагаа явуулж байсан юм байна. Энэ  баримтаас үзэх юм бол Монгол Улсын газар тариалангийн салбарын нэгэн жарнаас урт замыг туулсан байх боломжтой. Гэхдээ хугацаа чухал биш.


Тэгвэл  тэр жил (1959 он) газар тариалантай холбоотой ямар онцгой үйл явдал болов. Энэ ойлголтоор авч үзвэл  60 жилийн өмнө (1959 он) тариан талбайг өргөжүүлэх, атар газар эзэмших зорилготой шинэ (Дархан, Хэрлэн, Зэлтэр)-ээр дөрвөн САА байгуулжээ. Гэхдээ үйл ажиллагаа явуулж байсан 21 САА-аас ажиллах хүч (тракторчин), машин механизм татахгүйгээр бүгдийг шинээр Зөвлөлт холбоот улс (ОХУ)-ын техник, эдийн засгийн тусламжаар зохион байгуулсан юм билээ. Улс орон даяар шинээр атар газар эзэмших аяныг зарлан элгээлтийн  эзэн залуусыг шинэ байгуулагдсан нэр бүхий  САА-нуудад илгээжээ.  Шинэ САА-нуудад атар газар эзэмших  элгээлтийн эзэн залууст хөдөө аж ахуйн машин, механизмын болон газар тариалангийн  мэргэжил олгох 80 мэргэжилтэнг Зөвлөлт холбоот улс (ОХУ)-аас урьжээ. Уригдсан мэргэжилтнүүд шинэ байгуулагдсан дөрвөн САА-д 20, 20-иороо хувиарлагдан  элгээлтийн эзэн залууст техникийн мэдлэг, мэргэжил олгох, газар тариалангийн дадлага туршлагатай болгох ажлыг газар дээр нь хэрэгжүүлжээ. Тухайн үеийн элгээлтийн эзэн залуус эдүгээ тэр нутгийнхаа үе дамжсан  унган иргэд болсон бизээ. Газар тариалан, атар газрыг элгээлтийн эзэн залуус олноороо зорьсон 1959 оны  үйл явдлын тэгш ойг (60 жил) эдүгээ  тэмдэглэнэ гэж ойлгож болох бололтой.


Төрөөс олон нийтийг хамарсан атар газар эзэмших уриан дор болсон, үйл явдлыг санан дурсахад буруугүй юм аа.  Тэр үе (1959 он)-д 18-20 настай элгээлт өвөрлөн атарыг зорьсон залуус эдүгээ 80  болон түүнээс дээш насныхан болсон байх нь ойлгомжтой. Тэдэнд залуу нас, сайн нөхөд өө эргэн дурсах боломж олгох нь жам ёсны  зүйл ээ. Тэгээд ч манай улсад 1959 оноос газар тариалан эрчимтэй хөгжиж ирсэн нь үнэн. 


Энэ ойн босгон дээр буюу 2019 онд улсын хэмжээнд 512 мянган гаад тариалалт хийжээ. Түүнээс 340 мянган гаад  улаанбуудай, 82,4 мянган гаад тосны, 42 мянган гаад тэжээлийн ургамал тарьсан байна. Харин 14,8 мянган гаад төмс, найман гаад хүнсний ногоо тарьсан аж.


2019 онд  340 мянган тн буудай, 80 мянган тн малын тэжээл, 38 мянган тн тосны ургамал, нийт  442 мянган тонн үр тариа хураах юм байна. Мөн 177 мяанган тн төмс, 91,2 мянган тн хүнсний ногоо хураан авахаар урьчилсан баланс гарчээ. Эдүгээ (10-р сарын 8) байдлаар үр тарианы 56 хувийг ангилан хаджээ. Харин төмс хүнсний ногтооны 76 хувийг хураан авсан.

Энэ сарын 8-ны байдлаар 187,1 мянган тн улаан уудай, 5,3 тн тосны болон тэжээлийн ургамал хураан аваад байгаа юм байна. Улмаар 158,6 тн төмс, 68 мянган тн хүнсний ногоо хураан авсан дүн мэдээ гарчээ.  


Газар тариалангийн салбарт өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг аваад үзвэл эхний 30 жилд газар тариалан төрийн мэдэл (1959-1990)-д байжээ. Нийгэм эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн сүүлийн 30 жил (1990-2019)-д хувийн хэвшилд бүрэн шилжжээ. Газар тариалан хувийн хэвшилд шилжсэн нь тус салбарт төр оролцохгүй болсон гэсэн үг биш юм. Төр бодлого (Газар тариаланг дэмжих сан)-оор техник зээлээр олгох, хураан авсан улаанбуудайг бэлэн мөнгөөр авах гээд төрөл бүрийн дэмжлэг тариаланчдад  үзүүлж байгаа. Гэхдээ төмс, хүнсний ногоонд төрөөс дэмжлэг үзүүлээгүй гэнэ. Төмс хүсний ногоо өнгөрсөн 30  жилд төрөөс дэмжлэг аваагүй тул өрхийн аж ахуйн хэлбэрээс дээш гарч (бие даасан салбар болж)  чадаагүй бололтой.


Ер нь  газар тариалангийн салбарын өнгөрсөн хугацаа (60 жил)-нд олсон ололт, гарсан алдааг тооцож зөв үнэлэлт дүгнэлт өгч чадвал  ирээдүйн 60 жилийн өнгө төрхийг зөв тодорхойлох боломжтой. Гэхдээ ургац арвин, дурсамж дүүрэн 60 дахь намрын тариа хураалт дуусаагүй, ой тэмдэглэх тов хараахан гараагүй байна. 

Холбоотой мэдээ