Шилжилт хөдөлгөөнийг санал хураахаас 14-30 хоногийн өмнө зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 14:17:38

Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох ээлжилт сонгууль 6 сарын 29-нд тохионо. Үүнтэй холбогдуулан нэрсийн жагсаалт баталгаажуулах, шилжилт хөдөлгөөн зогсоох гэх мэт сонгуулиас өмнө иргэд анхааралдаа авч, мөрдөх зарим асуудлын талаар Төв аймгийн УБСХ-ын дарга С.Ундрахбаяртай ярилцлаа.

-Сонгуультай холбоотойгоор танай байгууллагаас хийж, гүйцэтгэдэг ажил бол юун түрүүнд сонгогчийн нэрсийн жагсаалт гаргах байдаг. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд сонгуулийн насны хичнээн иргэн байна вэ.

-Өнгөрсөн жил УИХ-аас баталсан Сонгуулийн тухай шинэ хуулийг мөрдлөг болгон шат шатны ажлыг хийж байна. Энэ хүрээнд юун түрүүнд сонгуулийн насны 60898 хүний нэрсийн жагсаалтыг гаргаж, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлсэн.

-Нэрсийн жагсаалт баталгаажуулах талаар нэлээд ярьж байна. Үүний ач холбогдлыг сонгогчид төдийлөн сайн ойлгоогүйгээс болоод тэр үү явц тааруу байгаа сураг сонсогдсон. Тэгэхээр сонгогч заавал баталгаажуулалтад хамрагдах  шаардлагатай юу?

-Сонгогч хувийн мэдээллээ баталгаажуулахын хамгийн том давуу тал нь сонгуулийн явцад иргэний бүртгэлтэй холбоотой ямар нэг зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх юм. Улсын Бүртгэл, статистикийн газрын сайтад нийт сонгогчийн мэдээлэл орсон ба дээрх сайт руу нэвтэрч, бүртгэл,мн хэсэгт дарахад, эцэг, эхийн болон өөрийн нэр, оршин суугаа хаяг, нас хүйс, регистрийн дугаар зэрэг мэдээлэл байна. Хэрэв таны хувийн мэдээлэл үнэн бол баталгаажуулах, худал бол аль мэдээлэлд алдаа байгааг нягтлаад, харъяа нутаг дэвсгэрийнхээ бүртгэлийн байгууллагад хандаж, засуулна. Бичиг баримтын зөрчлүүдээс  элбэг тохиолддог нь эцэг эхийн болон өөрийн нэр, хаяг байдаг. Гэхдээ баталгаажуулалт хийгээгүй гээд сонгуульд оролцох эрхгүй гэсэн үг биш.

 -Таны ярианаас асуухад баталгаажуулалтыг зөвхөн интернетээр хийх боломжтой юм байна. Энэ зөв үү?. Хэрэв тийм бол хүн бүрт интернет орчинд нэвтрэх бололцоо хязгаарлагдмал шүү дээ.

-Тиймээ. Та зөв ойлгосон байна. Манай хэлтэс тэр бүр  интернет орчинд нэвтэрч чаддаггүй хүмүүст зориулж, хэлстийн байраас гадна сумын нэг цонхны үйлчилгээнд суурин компьютер байршуулж, ажлын өдрүүдэд нээлттэй ажиллуулж байгаа юм. Мөн хөдөө, орон нутгийн сумын засаг дарга, тамгын газрын дарга нарт чиглэл өгч, төв рүү ирсэн малчдын баталгаажуулалтыг хийлгэхэд анхаарал хандуулж, хамтран ажиллах талаар яриад байгаа. Олон хүнийг баталгаажуулалтанд хамруулахын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилж байна.

-Өмнөх хуулиар сонгогчийн санал өгөх газрыг "Санал хураах байр" гэж нэрлэдэг байсан. Харин одоо энэ нэршил өөрчлөгдөж, хэсэг гэх болжээ. Аймагт хичнээн хэсэг байгуулсан вэ?

-Хуулинд баг тус бүрт нэг хэсэг байхаар заасан бөгөөд хүн ам ихээр төвлөрсөн зарим газар нэмж хэсэг байгуулах асуудлыг ч томъёолсон байгаа юм. Энэ дагуу 97 багт 99 хэсэг байгуулсан. Зуунмод сумын Номт, Эрдэнэ сумын Өвөржанчивлан суурин буюу Тамган багт тус бүр нэг хэсэг нэмэгдсэн.

-Хуулиар иргэн, сонгогчийн шилжилт хөдөлгөөн хэзээнээс зогсох вэ?

-Сонгуулийн тухай хуулийн 65,66 дугаар зүйлд заасны дагуу Сонгогчийн хөдөлгөөнийг 14,  иргэний шилжилт хөдөлгөөнийг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө зогсооно. Иймд иргэд дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай байна.

-Өмнөх сонгуулиудад шилжилттэй холбоотой асуудал үүсч байв уу?

-Мэдээж гарч байсан.Тухайлбал: Нэг гэр бүлийн хүмүүс багаас багт шилжилт хөдөлгөөн  хийгээгүйн улмаас өөр өөр хэсэгт санал өгөх болдог. Энэ асуудал ялангуяа малчдад хамаатай. Арай хийж, зав чөлөө гаргаж, санал өгөхөөр очтол өөр хоорондоо нэлээн зайтай, хэсгүүдэд хуваарилагдчихсан байдаг. Үүнээс болоод, унаа машин, бензин тосноос авахуулаад давхар давхар асуудал гарч ирнэ. Иймд сонгогчид шилжилт хөдөлгөөнөө цаг тухай бүрт  нь хийлгэхийг сануулъя.

-Түрүүн хэлсэнчлэн нийт сонгогчийн нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох уу?. 60898 сүүлийн дүн мөн үү?

-Энэ сарын 15-17-нд дахин хэсэг оноолт хийнэ.Энэ үед насанд хүрсэн,нас барсан хүмүүсээс хамаараад бага зэрэг өөрчлөлт орж болзошгүй. Ихсэх, эсвэл багасахыг урьдчилан таамаглах боломжгүй юм.

Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ