Мах, шатахуун, бодлогын хүү гурав

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-10-09 17:37:18

Монголбанкны мөнгөний бодлогын хороо (МБХ) улиралд нэг удаа хуралдаж мөнгөний бодлогын хүүг тогтоодог. Тус хороо саяхан хуралдаж (2019-9-17) мөнгөний бодлогын хүү (11)-г хэвээр хадгалах шийдвэрт хүрсэн байна. Бодлогын хүүг ингэж хэвээр хадгалахад доорх хоёр хүчин зүйл нөлөөлсөн байна.


Махны экспорт нэмэгдэж дотоодын зах зээлд хомсдол үүсвэл махны үнийн өсөлт эрчимжиж нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг өсгөх нөхцөл бүрдэх магадлалтай гэнэ. Энэ бол додоод зах зээлийн хүчин зүйл гэж үзжээ. Харин Саудын Арабын газрын тосны үйлдвэрлэлд гарсан доголдолтой холбоотой нефтийн үнэ өссөн нь манай зах зээлд  нэг сарын дараа нөлөөллөө үзүүлэх магадлалтай юм байна. Үүнийг  гадаад зэх зээлийн нөлөөлөл гэж Монголбанкны мөнгөний бодлогын газар (МБГ)-аас тус хорооны хуралд танилцуулжээ. Ийм нийлүүлэлтийн шалтгаантай өсөж байгаа инфляцид мөнгөний бодлогын хүүг өөрчлөх (өсгөх буюу бууруулах) арга хэмжээ авах нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх  сул талтай аж. Эдгээр хүчин зүйлийг тооцож үзсэний эцэст МБХ мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах дээрх шийдвэрийг гаргасан юм байна.


Цаашид  махны үнэ өсөх эрсдэл нь ХХААХҮЯ-ны экспортод гаргах махан дээр баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарах нь тодорхой. Тус яамны   нөөцийн мах бэлтгэлийн бодлого 2018 онд алдагдсанаас 2019 оны хавар, зуны туршид Улаанбаатарын хэрэглэгчид зах зээлээс өндөр үнэтэй  мах хэрэглэсэн билээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Аж ахуйн нэгжүүд экспортод бэлтгэсэн махныхаа тодорхой хэсгийг нөөцөлж дотоодын зах зээлд нийлүүлэх үүрэг хүлээнэ. Дотоодын зах зээл хангагдсаны дараа  мах экспортолно” гэж хэлсэн удаатай. Бодвол түүний хэлсэн үг энэ жил хэрэгжих биз. Гэхдээ мах бэлтгэлийн ажил хаяанд ирлээ. Ажил хариуцсан сайд Ч.Улаан, ХХААХҮЯ-ны баримтлах бодлого авч хэрэгжүүлэх арга хэмжээ одоогоор олон нийтэд тодорхойгүй хэвээр байна (2018 оны намрынх шиг).


Шатахууны үнэ олон улсын зах зээлд өсөх нь манай иргэдийн амьжиргаанд нөлөөтэй явж ирсэн. Энэ байдал өнөөдөр ч хадгалагдсан хэвээрээ байна. Ирээдүйд шатахууныг өөрийн оронд үйлдвэрлэх суурь тавигдаж  эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт нефтийн үйлдвэр барина. Нефтийн үйлдвэрийн дэд бүтэц (төмөр болон авто зам, цахилгаан дамжуулах шугам)-ийг ашиглалтад хүлээж авах ажил (2019 оны10 дугаар сарын 6) болж өнгөрлөө. Түүхий нефтийг төмөр зам ( Тамсаг булгаас)-аар тээвэрлэнэ. Төмөр замыг Энэтхэг улсын хөнгөлттэй зээл (234 сая ам. доллар)-ээр барина. Монгол нефтийн тухайд ийм байна. Үйлдвэрийг 2023 онд ашиглалтад орно гэж үзвэл ирэх 4-5 жилд шатахууны үнийн өнөөдрийн дүр зураг өөрчлөгдөхгүй. Монголчуудын амьдралд шатахууны үнийн өндөр оролцоо хэвээрээ байна гэсэн үг.


Шатахууны үнийг бага түвшинд байлгах талаар өнгөрсөн хугацаанд төрөөс олон янзын арга хэрэглэсэн. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гол цөм нь импортлогч аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх явдал байдаг. Бүр төсвөөс бэлэн мөнгө гаргаж нөөц бүрдүүлсэн тохиолдол (2008 он) хүртэл бий. Эдгээр арга хэмжээ нь шатахууны үнийг бага түвшинд барих боломжийг тэр болгон бүрдүүлээгүй. Төрөөс авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээ нь шатахуун импортлогч цөөхөн аж ахуйн нэгжийг дэмжсэн мэт олон нийтэд харагдах болсон юм. Энэ нь шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээлд үнэ буурахад жижиглэнгийнхээ үнийг буулгадаггүй. Энэ муу зуршилтай нь дээр нэрлэсэн ойлголт  салшгүй холбоотой гэнэ. Ирэх саруудад шатахууны үнэ өсөхөд төр засгаас ямар арга хэмжээ авахыг харах үлдлээ. Мах, шатахууны үнийн өсөлт Монголбанкны мөнгөний бодлогын хүүг бууруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Харин 2020 онд Монголбанкны мөнгөний бодлогын хүү мах, шатахууны үнийн өсөлтөөс хамааралтай байх уу, үгүй юү гэдэг нь  ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан, УУХҮ-ийн сайд Д. Сумьяабазар нарын боловсруулсан бодлого, явуулсан үйл ажиллагаанаас хамаарна.


Монголбанкны мөнгөний бодлогын хүү эдгээрээс гадна арилжааны банкны зээлийн хүүд нөлөөлдөг өөрийн өвөрмөц онцлогтой. Бодлогын хүүг 2018 оны 11 дүгээр сараас хойш энэ түвшин (11хувь)-д барилаа. Монголбанкны МБХ-ны хурлын тэмдэглэлээс харвал арилжааны банкнуудын зээлийн өсөлт саарсан талаар дурджээ. Тухайлбал, 2018 оны эцэст арилжааны банкны зээлийн өсөлт 24 хувьтай байсан юм байна. Тэгвэл оны эхний найман сарын байдлаар зээлийн сарын дундаж өсөлт 15,5 хувь болон буурчээ. Хэрэглээний зээл оны эхнээс буурсан ч бизнесийн салбарын зээлийн үлдэгдэл нэмэгдсэн, банкны салбар дахь  чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буураагүй гэсэн муу мэдээ байна.


Хэрэглээний зээл буурахад төв банкнаас авч хэрэгжүүлсэн өр-орлогын харьцааг 60:40 болгох шийдвэр гаргаж мөрдсөнтэй холбоотой болов уу. Энэ жишгээр 600 мянган төгрөгийн цалин, орлоготой хүн хэрэглээний зээл банкнаас авсан нөхцөлд  цалин, орлогынхоо 60 хувь буюу 360 мянган төгрөгийг зээл төлөхөд зориулах бөгөөд 240 мянган төгрөгийг амьжиргаандаа хэрэглэх боломжтой болсон юм. Энэ бол банкны салбарт гарсан шийдвэрүүдийн хамгийн олон хүнд хүртээлтэй шийдвэрүүдийн нэг нь байсан бололтой. Мах, шатхуун, төв банкны мөнгөний бодлогын хүү гурвын талаар авч үзвэл ийм байна. 

Холбоотой мэдээ