Газрын тос боловсруулах үйлдвэрийн өртгийг дахин нэмэхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-08 16:19:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.


Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зөвлөх компаниар шалгарсан БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ээр газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоолжээ. Тиймээс нэмэлт 236 сая ам.долларыг 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэйгээр БНЭУ-ын  Экспорт-Импорт банкнаас зээлэхээр тохирсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Л.Болд, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүд нэмэлт 236 сая ам.долларыг хэрхэн зарцуулах, төслийг хэрэгжүүлэхэд Монголын талын оролцоо ямар түвшинд байгааг тодруулж байв.


УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, "ТЭЗҮ боловсруулах үед Монгол Улсын 19, 21 дүгээр талбайгаас олборлож буй газрын тосны шинж чанарт тулгуурлсан технологи бүхий боловсруулах үйлдвэр байгуулах уу, эсхүл олон шинж чанар бүхий газрын тосыг боловсруулах технологитой үйлдвэр байгуулах уу гэдгийг шийдэх шаардлагатай байсан. Ингээд үйлдвэрийн технологийн горимыг өөрчилж, ус төрөгчийн аргаар задалдаг технологийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн учраас нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Зээлийн нөхцөлд нийт өртгийн 65 хувийг Энэтхэг Улсын талаас авах бараа, ажил үйлчилгээнд зарцуулах зохицуулалттай. Үлдсэн 35 хувийг Монгол Улсын талаас нийлүүлэх бараа, ажил үйлчилгээнд зарцуулахаар судалгаа хийж, бэлтгэл хангаж байна" гэлээ. 


Түүнчлэн УИХ-ын гишүүд төслийн өртгийг дахин нэмэхгүй байх, үйлдвэрийн үр ашгийн талаарх тооцооллыг тодорхой болгох санал хэлж байлаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь дэмжив.


Мөн хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг БНФУ-ын 57 сая 985 мянган еврогийн зээлээр хэрэгжүүлэх аж. Зээлийн хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь  байх аж. Уг төслийг гишүүдийн 63.6 хувь дэмжлээ.


Дээрх хоёр асуудлыг өнөөдөр Аюулгүй байдлын байнгын хороо хэлэлцэж, энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэх юм.

Холбоотой мэдээ