Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд тодорлоо

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-10-07 18:19:30

СТОКХОЛМ. /RIA Novosti/.  Америкийн эрдэмтэн Уильям Келин, Грегг Семенце, Их Британийн эрдэмтэн Петер Ратклифф нар энэ оны физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр тодорлоо. Тэд амьд эд эсүүд бие махбодын хүчилтөрөгчийн түвшин өөрчлөгдөх үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг нээснийхээ төлөө уг нэр хүндтэй шагналыг хүртжээ.


Нобелийн хорооноос мэдээлснээр, дээр дурдсан эрдэмтэд эд эсүүд хүчилтөрөгч дутагдаж байгааг, мөн энэ үед хэрхэх ёстой вэ гэдгийг чухам ямар байдлаар “ойлгож буйг” тогтоож чаджээ.


1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи-анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй уг шагналыг 216 хүн хүртсэн байна.


Шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор 12 дугаар сарын 10-нд уг шагналыг үндэслэгч, Шведийн үйлдвэр эрхлэгч Альфред Нобелийн /1833–1896/ таалал төгссөн өдөр болно. 


Холбоотой мэдээ