Иргэдийн бүлгээр ажиллах идэвх санаачилгыг дэмжинэ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-10-07 10:55:23

Төв /МОНЦАМЭ/. Удирдах ажилтны сайн туршлага зөвлөгөөнийг “Хот айл”-ын чуулган нэртэй Төв аймгийн Баян-Өнжүүл суманд энэ сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Иргэдийн оролцоог хөгжүүлэх замаар орон нутгийн тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах арга зүй” сургалтыг  “Тогтвортой амьжиргаа-3” төслөөр хэрэгжүүлж эхэллээ.

Сумдын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, сайн туршлагуудаа солилцох сургалт, зөвлөгөөнийг 4 бүсэд зохион байгуулж байна.

“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс хэрэгжүүлж байгаа “Хот айлын чуулган” шинэлэг санаачилгын төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийн оролцоог хөгжүүлэх, иргэдийн хамтын ажиллагаа, бүлгээр ажиллах идэвх санаачилгыг дэмжихид чиглэж байгаа ажээ.

Ингэснээр амьдрах орчин, хүсэл, зорилго, хэрэгцээ ойролцоо хот айл, гудамж, хорооллоороо нэгдэн, бүтээлч санал гаргаж, батлагдсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Сургалтад сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, хууль эрх зүйн ажилтан нар оролцсон байна.

“Тогтвортой амжиргаа-3”, Мерит” төсөл, аймгийн хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн өмчийн газар хамтран уг сургалтыг явуулжээ.

Энэ удаагийн сургалтаар “Хот айл”-ын чуулган төслийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, арга зүйд суралцахаас гадна иргэдийн оролцоог хөгжүүлэх, ОНХС /Орон нутгийн хөгжлийн сан/-г сум, багийн түвшинд төлөвлөх, худалдан авах ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд суралцах аж.

ОНХС-гийн зарцуулалт, ил тод байдал, өмчийн удирдлагын хариуцлага, удирдлага мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах, хяналт шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтыг зөв зохион байгуулах талаар мэдлэг, чадвар эзэмшүүлэх гэнэ. ОНХС-гийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах талаар нэгдсэн мэдээлэлтэй болох ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ