Л.Одончимэд сангийнхан сурах боломж хомс, өнчин өрөөсөн хүүхдэд тусална

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-07 16:12:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Лувсангийн Одончимэд агсны “Хоржоонтой дурсамж” нэг, хоёр ном, "Алтан аяганаас сүү ууна" тууж, өгүүллэг, "Амар мэнд явбал..." шүлгийн  цуврал ном саяхан нээлтээ хийсэн.

Номын нээлтэд "Л.Одончимэд сан"-г санаачлагч гэргий Ө.Таня, хүү О.Одхүү, О.Одбаяр, охин болон ач, зээ, ах дүү, анд найз, зохиолч, сэтгүүлчид оролцож түүний хүн чанар, уран бүтээлийн тухай дурсамж хуваалцав. Л.Одончимэд амьд сэрүүндээ “Хоржоонтой дурсамж" нэг, хоёр номоо гаргаж байсныг дахин хэвлэсэн бол хэвлүүлж амжаагүй тууж, өгүүллэг, шүлгийг нь шинэ ном болгон гаргасан байна. 

Номын нээлтийн үеэр Л.Одончимэд агсны гэргий, хүүхэдтэй ярилцлаа.

Гэргий Ө.Таня:

- Манай хүн ерөөс зүгээр суудаггүй байсан. Эмнэлэгт хэвтсэн ч номоо бичиж хүмүүсийг гэртээ урин уран бүтээлээ ярилцдаг байлаа. За хөө, хоолоо хийчих, манайд ийм хүн ирнэ, хамт жаахан суунаа гэдэг байлаа. Бээжинд эмчилгээ хийлгэж явахдаа ч олон юм бичсэн. Гэртээ ширээн дээрээ ч олон юм бичээд үлдээсэн. Түүнийг нь би анх удаа эмхэлж цэгцэллээ. Харин хүүхдүүд маань хэвлэж олон нийтэд хүргэж байна. 

-Та хааяа нэг ороход "Ирдэг хүн ч үзэгдэхгүй, ярьдаг хүн ч асуухгүй боллоо" гэж суусан. Харин та зүгээр суулгүй хоёр ч шинэ ном гаргасан байна?

- Одонгоо маань /гэртээ ингэж дууддаг байсан/ намайг номдоо, бүтээлдээ гар хүргэдэггүй, дандаа өөрөө л бичиж суудаг байсан. Харин нас барсных нь дараа ширээн дээрээ үлдээсэн болон бичиж зэхсэн олон бүтээлд нь анх удаа гар хүрч, эмхэлж цэгцэллээ. Эмхэлж цэгцлэхэд амархан байсан. Бараг л өөрөө бүгдийг нь бэлтгэчихсэн байсан. Гэхдээ ном бүтээж, хэвлэхэд их цаг, их хөдөлмөр хүч зарцуулдаг юм байна гэдгийг нь хүүхдүүддээ хэлж ойлгуулж, эмхлэн янзаллаа. Цаана нь хэвлэхээр олон бүтээл байгаа...

Том хүү О.Одхүү:

- Энэ номуудын нэг онцлог нь өөрийнх нь эхлүүлсэн цувралын үргэлжлэл болж байгаа. Аав амьддаа долоон боть цуврал гаргасан. Бид нэмээд сүүлд бичсэн тууж, өгүүллэг, бүр нас барахынхаа нэг хоногийн өмнө бичээд ширээн дээрээ тавьсан шүлгийг нь ч анх удаа хэвлэлээ. Тэгээд "Алтан аяганаас сүү ууна" тууж өгүүллэгээр найм дахь боть, "Амар мэнд явна" шүлгийнх нь  номоор ес дэх ботийг нь гаргалаа.

 “Одончимэд сан"-гийн тэргүүн, бага хүү О.Одбаяр:

-Бид ааваасаа хойш “ Л.Одончимэд сан"-г байгуулсан. Энэ сангийн гол зорилго нь оюуныг дэмжих юм. Аав маань олон төрлөөр  ном зохиолоо бичдэг байсан. Аав маань хүүхдийн зохиолч, хошин шог зохиолч, сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, телевизийн хөтлөгч гээд олон төрлөөр бүтээн туурвидаг байсан. Соён гэгээрүүлэх чиглэлээр гэхэд л Равжаа хутагтын бага насны  тухай номыг эрдэмтэдтэй хамтарч бичсэн байдаг. Олон улсын уралдаан, шилдэг ном шалгаруулах ажлыг ч хийж байсан. Бага насандаа ямар цэцэн мэргэн үгтэй хүүхэд байсныг үлгэрийн хэлбэрээр өгүүлсэн байдаг. Өөрөө ч жоохон хүүхдүүдийн хошин шог яриаг цуглуулаад эмхэтгэдэг байсан. Манай аав амьд сэрүүн байх үедээ 20 орчим боть номыг хэвлүүлж гаргасан байна. Бид өнөөдөр 4 боть ном нэмж хэвлүүллээ.

- Цаашид хийхээр төлөвлөсөн ажил ч мөн цөөнгүй байгаа байх?

ав маань бидэнд эд хөрөнгө үлдээгээгүй ч  оюуны бүтээл олныг үлдээсэн байна. Бид бүтээлийг нь энэ сангаар дамжуулж олон түмэндээ хүргэсээр байх болно. Мөн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн, сурах боломж хомс, өнчин өрөөсөн хүүхдэд туслах зорилготой ажиллаж байна. Монгол Улсад оюуны хөгжил буруу тийшээ яваад байна. Тиймээс аавынхаа соён гэгээрүүлэхийн төлөө  хийж байсан ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Аавынхаа тухай болон хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь тухай баримтат кино хийх гэж байгаа.

Холбоотой мэдээ