“Эрдэнэс Тавантолгой” ХК Францын “Афнор” группийн гэрчилгээ гардлаа

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-09-30 10:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад суугаа Франц улсын Элчин сайд Филиппе Мерлин “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлснийг баталгаажуулах гэрчилгээ гардууллаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ISO45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлснээ Франц улсын олон улсын нэр хүндтэй Афнор группээр баталгаажуулсан юм. Ингэснээр тус компани олон улсын дээрх байгууллагаар ажлаа дүгнүүлсэн Монголдоо анхдагч компани болж байна. Энэ талаар баталгаажуулалтын гэрчилгээг гардуулсан Элчин сайд Филиппе Мерлин хэлэхдээ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК дэлхийн түвшинд гарч, зах зээлээ тэлэх боломж улам нэмэгдэж буйг харуулсан томоохон үйл явдал боллоо” хэмээн онцлов.

Тэрээр, “Монголын уул уурхайн салбарын томоохон тоглогч болсон танай компанид Афнор группийн баталгаажуулалтын гэрчилгээг гардуулсандаа талархаж байна. Афнор групп нь чанарын стандартын хоёр томоохон байгууллагыг нэгтгэсэн дэлхийд тэргүүлэгч, нэр хүндтэй байгууллага юм. Миний дүгнэж байгаагаар, Афнор групп болон Монголын итгэмжлэгдсэн “МонСертф байгууллагын хамтын ажиллагаа улам бэхжин, урагшилж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа нийгэмд ямар байр суурьтай байгааг хайх шаардлагагүй. Танай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа олон ажлыг өдөр тутмын сонин болон телевиз мэдээллийн сувгаас тогтмол авч байдаг” гээд тус хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.

Баталгаажуулалт гардан авах үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 12 ажилтан мөн олон улсын “Афнор” группэд бүртгэлтэй Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын тэргүүлэх аудиторуудын гэрчилгээгээ хүлээн авсан юм.  



“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжих бэлтгэх хүрээнд, 2017 оноос эхлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа үе шаттайгаар хэрэгжүүлж  эхлэсэн юм. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхдээ, Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээ авч, олон улсын баталгаажуулалтын “Aфнор” группийн хүлээн зөвшөөрсөн "МонСертф“ компанийн монгол аудотирууд стандартын анхдагч баталгаажуулалтыг хийсэн юм. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Бизнесийн Удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан хэлэхдээ, “Манай компани байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан Тогтвортой, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх их үйлсэд хичээн зүтгэж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд өөрийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилгын хүрээнд нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн нь түүхэн бас бахархууштай үйл явдал болж байна.

Монголчууд 3 саяулаа хувьцааг нь эзэмшиж, иргэн бүр уул уурхайн баялгаасаа ашиг хүртэх энэхүү ажлыг түүчээлж жилийн 4 улирал, хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж буй хамт олныхоо хичээл зүтгэлээр бахархаж байна. Мөн манай улс Франц улстай олон салбарт хамтран ажиллаж үр дүнд хүрч байгаагийн нэг тод жишээ нь олон улсын стандартыг нутагшуулах, харилцан туршлагаа хуваалцах энэхүү харилцаа юм” гэдгийг тэмдэглэн хэлж байна.

 

Холбоотой мэдээ