Рашаант сумын соёлын тѳв МУСГЗ, зохиолч Д.Намсрайн нэрэмжит боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-18 15:14:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хѳвсгѳл аймгийн Рашаант сумын соёлын тѳвийг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Намсрайн нэрэмжит болголоо.

Дамбадаржаагийн Намсрай нь 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв, Булган хайрханы өвөр бэл Хүрээний дэнжид төржээ. Түүний 70 насны ойг Рашаант суманд тэмдэглэж, соёлын төвийг Д.Намсрайн нэрэмжит болголоо. Тэрбээр 1981 онд ЗСБНХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг "Мэргэжлийн зохиолч" мэргэжлээр төгсч ирээд МЗЭ-д зохиолч, редактор, Монгол телевиз, Монголын радиод редактороор ажиллаж байсан юм. Зохиолч, сэтгүүлч Д.Намсрай “Болор толь”, “Зоригоо томоожиж байна”, “Буцаж ирэхгүй”, “Цайны сүү”, “Эндүүрэгдсэн захидал”, “Эрэмдэг зэрэмдэг”, “Цолмон-Эрдэнэ”, “Түргэн тусламж”, “Халуун будаа”, “Дарханыг сурвалжилсан нь” зэрэг жүжгийн зохиолуудыг бичсэн нь олны талархлыг хүлээж, олон удаа орон нутгийн театруудаар тоглосон байна.

Түүний зохиол бүтээлүүдийн эмхэтгэлүүд болох “Гандирсын хотын Хандармаа минь”, “Зуны тэргүүн сар”, “Тооройн төгөл”, "Жамухын өчил”, “Талд ургасан бодол”, Цэнхэр Сэлэнгэ”, “Зүүдний бичээс” номуудыг хэвлүүлж байжээ. Мөн ахлах ангийн уран зохиолын сурах бичигт “Жамухын өчил“ өгүүллэг багтан амьдрал уран бүтээлийг нь хойч үед өвлүүлэн таниулсаар байна. Түүний уран бүтээл уншигч олны итгэл үнэмшил үлгэр дууриал болж богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн байр, дэд байрыг гурвантаа хүртэж төр засаг түмэн олноосоо МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МЗЭ-ийн шагнал зэргийг хүртэж байсан ажээ. 

Холбоотой мэдээ