Байгалийн хий дамжуулах хоолой барих асуудлаар гурван улсын ажлын хэсэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-13 11:26:13
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-12-нд Абу Даби хотноо болсон “Дэлхийн эрчим хүчний XXIV конгресс”-ийн үеэр Монгол Улс, ОХУ-ын Эрчим хүчний сайд нар уулзаж, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг нэн яаралтай ажил хэрэг болгох саналтай байгаагаа онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зүүн хойд Азийг цахилгаан эрчим хүчээр хангах буюу Азийн супер сүлжээ байгуулах санаачлагын хүрээнд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгуулах судалгааны ажлыг эхлүүлэх санал тавив.

ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак Ерөнхийлөгч В.В.Путин байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр барих асуудлыг судлахыг "Газпром" компанийн захиралд үүрэг болгосоныг тэмдэглээд, гурван талын эрчим хүчний яам, компаниудын оролцоотой ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулах ажлыг яаралтай эхлүүлье хэмээсэн байна. 

Энэ үеэр Монгол Улс, ОХУ-ын эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах, Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн талаар мөн хэлэлцжээ. ОХУ-ын Уралын турбины завод нь “ДЦС-IV” ТӨХК-ийн хоёр турбогенераторыг 2019-2020 онд шинэчилж, ашиглалтад оруулах юм.


Холбоотой мэдээ