Байгалийн баялагтай холбоотой ажлын багийн гаргасан томьёоллыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-10 19:44:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Үндсэн хуулийн 6.2-т оруулахаар Ажлын багийн боловсруулсан томьёоллыг дэмжлээ. 


Байнгын хорооны хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. 



Тус Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгтэй холбоотой хоёр санал хэлэлцсэн ч аль аль нь олонхын дэмжлэг аваагүй. Тиймээс УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын баг Үндсэн хуулийн 6.2-т оруулах саналын томьёоллын хувилбар боловсруулсныг тус Ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшин танилцуулав.

Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 20 гишүүний гаргасан саналын дагуу Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэх томьёолол боловсруулжээ.

Дээрх саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Энхболд, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үеэр, ТББХ-ны дарга С.Бямбацогт “үр өгөөж” гэдэгт татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно гэж өргөн утгаар нь ойлгоно гэж тайлбарласан. “Дийлэнх” гэдгийг 50+1 гэдэг байдлаар томьёолсон гэдгийг мөн онцолсон. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд дээрх саналын томьёоллыг 100 хувь дэмжлээ.


Хэлэлцүүлгийн үеэр, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл, санал асуулга явуулахад шаардагдах зардлын асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг хүслээ. Учир нь Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тодорхой санал хүргүүлснийг тэрбээр дурдаад, Ерөнхийлөгч, Засгийн газраас төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналыг Байнгын хороо хэлэлцэх учиртай гэдгийг хэллээ.



Гэвч төсөлтэй холбогдуулан ТББХ-ны хуралдаанаар анхны дүгнэлт гарсан учраас Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх боломжгүйг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал тайлбарлав. Харин уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл ТББХ-нд буцааснаар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх боломжтойг тэмдэглэв. Харин Ард нийтийн санал асуулга явуулах зардал, санал асуулга явуулах товтой холбоотой асуудлыг хэлэлцэх боломжтойг дурдсан.


Тайлбар сонссоны дараа Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэх тухай горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ