Музейчдийн чуулга уулзалт үзэсгэлэн, сургалтаар үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-10 15:36:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын музейн салбарын ажилтнуудын уламжлалт чуулга уулзалт энэ жил Улаанбаатар хотод энэ сарын 11-13-ны өдөр болно. Тус чуулганыг энэ жилээс “Музейн хөгжил” нэрийн дор зохион байгуулж байна.

Энэ чуулга уулзалтын  ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар,  Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран ажиллаж байна.

Энэ жилийн   чуулганд улс, орон нутгийн музейн ажилтнуудаас гадна аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан зэрэг  300 гаруй хүн хамрагдана.

“Ирээдүйн музей” чуулганаар "Музейн хөгжил ба бодлого, музей ба нийгмийн инновац, музей ба бүтээлч үйлдвэрлэл, ирээдүйн музей" гэсэн дөрвөн чиглэлд эрдэмтэн судлаачид, ажилтан, мэргэжилтнүүд илтгэл тавьж,  Монголын ирээдүйн музейн хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлагыг тодорхойлно. Музейн эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан “Музейн үзмэр, цуглуулгын судалгаа” сэдэвт сургалт Үндэсний музейн сургалтын танхимд болж тус музейн куратор, эрдэм шинжилгээ, арга зүй, боловсролын туршлагатай  мэргэжилтнүүд хичээл заана. Дээрх сургалтыг  Монголын Үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музейн бодит үзмэр дунд үргэлжлүүлэхээрээ онцлог юм. 

Мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 95 жилийн ой болон “Музейн хөгжил - 2019” музейн чуулганд зориулсан “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 11-ний өдөр  ”Блю скай” зочид буудлын “Даймонд” танхим  дэлгэнэ.

 Улс, орон нутгийн музейн ажилтнуудын уулзалтыг энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулж байна. 


 

Холбоотой мэдээ