Баянхонгор аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-06 16:33:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ээлжит улсын үзлэгтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Мөн үеэр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн аймгийн удирдлагуудтай уулзаж, Баянхонгор аймагт барьж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцав.

Тэрээр, 2, 7, 9 дүгээр багийн дундуур тавьж буй замын ажилтай танилцсан. Замын ажлын үерийн далан нь нийт 2.3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тус замын ажилд улсын төсвөөс 2018, 2019 онд нийт 900 сая төгрөг тавигдсанаас энэ оны хувьд ажил зогсонги байдалтай, ард иргэдийн ажил амьдралд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.

 

Мөн 2013 оноос ажил нь эхэлсэн 960 хүүхдийн сургууль буюу тавдугаар арван жилийн барилгын ажил нь удаашралтай байгааг газар дээр нь танилцаж ажиллажээ. Ажил гүйцэтгэгч “Их наяд хөгжил” ХХК-д орон нутгийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлдэг ч төсөв хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар жил бүр төсөв нэмж батлуулсаар 7 тэрбум гаруй төгрөгийг авсан байдаг ч ажил урагшлахгүй өнөөг хүрсэн байна.

Нөхцөл байдалтай танилцаад, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Ажлуудыг яаравчлуулах тал дээр анхаарч, шаардлага хүлээж авахгүй зарим гүйцэтгэгч ААН-ийг яамны хар жагсаалтад оруулах буюу ажлыг шилжүүлэх хүртэл шийдвэр гаргана" гэлээ.

Орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд харьяа яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд тодорхой анхаарч ажиллахаа тэрээр илэрхийлсэн бол ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг Баянхонгор аймаг дахин төлөвлөлтөд оруулах тал дээр дэвшил гарган бусад аймагт жишиг болон ажиллаж байгааг сайшааж байв.

Холбоотой мэдээ