Хоёр сарын хугацаанд 107 гэмт хэрэг үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-06 13:57:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Сүүлийн хоёр сарын хугацаанд Хэнтий аймгийн хэмжээнд хулгайн 107 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Тухайлбал хөдөө орон нутагт өмчийн хулгай 31, малын хулгай 45 үйлдэгдсэн бол зөвхөн Хэрлэн сумын хэмжээнд өмчийн хулгай 27, малын хулгай дөрөв үйлдэгджээ. Энэ оны есөн сарын байдлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас "Хулгай-1" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 


Сүүлийн үед гэр хорооллын зарим айл өрхүүд хашаа байшингаа эзгүй орхиод байр орон сууцанд нүүж орох, олон хоногоор орхиж явах зэрэг тогтворгүй суурьшлын байдлаас хамааран өөрсдийн өмчөө хулгайн гарт өртүүлэх эрсдэл үүсэх болсон аж. Айл өрхүүдийг ихэвчлэн эзгүйчилдэг дээрх гэмт хэргийг бууруулахын тулд тухайн баг, хорооны хэсгийн байцаагч нарыг эзгүй айл өрхүүдээ эргэж тойрох, хөршийн холбоог бэхжүүлэх, хараа хяналттай байлгах зэргээр эргүүл хяналтыг тогтмол зохион байгуулж байгаа юм байна.


Мөн мал бүхий иргэдийн тухайд тэдний туслах малчид нь эргээд малын хулгайн гэмт хэргийг давтамжтай байдлаар бүлэглэн үйлддэг гэмт этгээд болон хувирчээ. Тиймээс туслах малчдад тавих шаардлага, шалгуурыг өндөр болгохын зэрэгцээ мал сүргээ хариулга, хараа хяналттай байх шаардлагатай байгааг цагдаагийн газраас анхааруулж байна.

Хулгайн гэмт хэргийг үйлдэгдсэнийх нь дараа бус өмнө нь урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж буй "Хулгай-1" нэгдсэн арга хэмжээ цаашид цуврал байдлаар хэрэгжих гэнэ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 60 орчим хувийг иргэдийн өмчийн хулгай болон малын хулгай эзэлдэг аж.

Холбоотой мэдээ