Спортын төрөлжсөн сургалттай 5-р сургууль номын сантай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын Соёлыг дэмжих агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй "Баярлалаа бяцхан ном" төслийн уралдаанд Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай 5-р сургуулийн төсөл шалгарч, 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Бяцхан номын сан”-тай боллоо.
Төслийн уралдааныг 2017 онд зарласан ба 2018 онд төсөл шалгарсныг мэдээлсэн байна. Ингээд энэ онд төслийн хүрээнд хийсэн “Бяцхан номын сан”-гийн үйл ажиллагаагаа шинэ хичээлийн жилтэй давхцуулан эхлүүллээ. Төслийн хүрээнд тус сургуулийн номын санг тохижуулж, БСШУСЯ-наас багш, сурагчдад шаардлагатай номын нэрсийн дагуу нэвтэрхий толь, түүх, уран зохиол, багшийн гарын авлага болох 2000 ширхэг номоор баяжилт хийсэн байна.
Мөн хоёр компьютер бүхий зөөврийн, гурван компьютер бүхий цахим номын сангуудыг бий болгож өгсөн нь аймгийн хэмжээнд жишиг болохуйц болжээ. Энэхүү номын сан нь хүүхдийг амрангаа өөрийн дуртай ном зохиолоо унших, ая тухтай байдлыг зорилгоо болгосон байна.