Нийслэлд тулгамдсан асуудал бизнесийн шинэ боломж байх боломжтойг онцоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-20 19:27:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг Азийн төлөөх Боао форумын Бага хуралд оролцогчдод танилцууллаа.


Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь амьдарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг үйлдвэрлэж, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 67.4 хувь, их дээд сургуулиудын 95.8 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 31.1 хувь, хүүхдийн цэцэрлэгийн 45.5 хувийг тус тус эзэлж, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байгааг хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.


Тэрбээр "Тогтвортой хөгжил, амьдрахад таатай орчныг бий болгохын тулд Улаанбаатар хотыг ухаалаг технологид суурилсан шийдэл, экологийн тэнцвэртэй ногоон хөгжил, олон улсад өрсөлдөх чадварыг шинэ түвшинд гаргах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, иргэдээ ажилтай орлоготой байлгах, эрүүл мэнд, боловсролын чанарыг сайжруулахад онцгой анхаарч байна. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ХОТ концепцыг боловсруулсан. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр шинэ суурьшлын бүсийг бий болгох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Цаашид хотын хүн амыг шинэ хотууд болох Аэро сити, Майдар зэрэг хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна. Хотын найман бүсүүдэд урьдчилсан байдлаар 22.000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. Ингэснээр агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх боломж үүснэ. Аж ахуйн нэгжүүдтэй хамтран томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар Хөгжлийн корпораци, Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежментийн компаниудыг шинээр үүсгэн байгуулсан. Ингэснээр Улс болон Нийслэлийн төсөв хүндрэлтэй үед төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэл хотод хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон” хэмээв.


Үүний зэрэгцээ агаар орчны бохирдол, ажилгүйдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гудамж замын тохижилт, ногоон байгууламж, замын түгжрэл, дахин төлөвлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, дэд бүтцийн хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг олон тулгамдсан асуудал байгааг форумаар онцоллоо. Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлууд Боао форумын оролцогчдод бизнесийн шинэ боломж байж болох юм гэдгийг хотын Захирагч онцлов.


Холбоотой мэдээ