"Эхлэл клуб"-ын эмэгтэй тамирчид ширээний теннисний шилдэг баг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-20 21:08:42

Ховд /МОНЦАМЭ/.Спортын мастер Н.Бөхболдын нэрэмжит "Ширээний теннисний аварга шалгаруулах олон хотын нээлттэй тэмцээн" наймдугаар сарын 14-нөөс 16-нд Ховд аймагт болов.

Өсвөрийн тамирчдыг гадаад, дотоодын өндөр ур чадвартай тамирчидтай өрсөлдүүлэн туршлага солилцуулах, ахмад тамирчин, багш дасгалжуулагчдыг алдаршуулах, ширээний теннисний спортыг сурталчлах, хөгжүүлэхэд тэмцээний зорилго чиглэж байлаа. 

Тэмцээнд Улаанбаатар хот, Ховд, Эрдэнэт, Баянхонгор аймгийн 14 байгууллагын 140 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Тэмцээн есөн наснаас доош, 10-14, 15-39, 40 наснаас дээш, мөн шилдэг гэсэн таван ангилалд эрэгтэй, эмэгтэй  ганцаарчилсан болон холимог хос төрлөөр явагдаж шилдэг баг, тамирчдыг тодруулсан.    

Энэ удаагийн тэмцээнийг Монголын ширээний теннисний холбооны 60 жил, Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн багш, ширээний теннисний спортын мастер Н.Бөхболдын алдрыг тэмдэглэх зорилтын хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой.Тэмцээний зохион байгуулагчаар Ховд аймгийн БТСГ, аймгийн Ширээний теннисний холбоо хамтран ажиллалаа.

Тэмцээний есөн наснаас доош ангиллын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан ба холимог хос төрөлд Баянхонгор аймгийн тамирчин  Н.Мөнхзориг,  Н.Алтанцоож нар  тэргүүн байрт шалгарсан бол 10-14 насны  эрэгтэй ганцаарчилсан  төрөлд Ховд аймгийн "Эхлэл" клубын тамирчин Ө.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тус аймгийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн тамирчин Н.Билэгжаргал, холимог хос төрөлд тус аймгийн "Эхлэл" клубын тамирчин Н.Батбаяр, Н.Ариунзул нар тус тус  тэргүүн байрт  шалгарав.

Тэмцээний 15-39 насны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог  хос  төрөлд  тэргүүн байрт Улаанбаатар хотын "Бамбар" клубын тамирчин Б.Билэгт, Н.Мөнхчимэг нар шалгарчээ.

Харин 40-с дээш насны ангиллын эрэгтэй ганцаарчилсан \сонирхогч\ төрөлд тэргүүн байрт Увс аймгийн Д.Буянжаргал, эмэгтэй ганцаарчилсан \сонирхогч\ төрлийн тэргүүн байрт мөн Увс аймгийн Д.Шуурай нар шалгарсан бол эрэгтэй ганцаарчилсан \мэргэжлийн\ төрөлд Увс аймгийн Г.Батбаатар,эмэгтэй ганцаарчилсан \мэргэжлийн\ төрөлд Эрдэнэт хотын Н.Ганхайч,  холимог хос төрөлд Увсын Д.Буянтогтох, Д.Шуурай нар тус тус шалгарав. 

Үүнээс гадна  ширээний теннисний  шилдэг багийн  эрэгтэй  төрөлд Улаанбаатар хотын "Бамбар" клуб, эмэгтэй төрөлд Ховд аймгийн "Эхлэл клуб"-ын тамирчид шалгарсан бөгөөд “Шилдэг ганцаарчилсан эрэгтэй тамирчин”-аар Улаанбаатарын "Бамбар" клубын Б.Билэгт, “Шилдэг ганцаарчилсан эмэгтэй тамирчин”-аар Баянхонгор аймгийн Б.Эрдэнэсувд нар шалгарч шагнал гардав. 


 

Холбоотой мэдээ