Ж.Баярсайхан: Цэвдэгт хадгалагдсан ваартай өрөм, шар тос зул байх магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-16 15:29:15
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” хэмээх газар мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар өрөм, нэг ваар шар тос Монголын төдийгүй дэлхийн археологийн түүхэнд нэн ховор нээлт болоод байна. 700-800 жилийн настай булшнаас олдсон уг археологийн олдворыг зул байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа талаар "Умард Монгол" төслийн багийнхан өнөөдөр Үндэсний түүхийн музейд мэдээлэл хийлээ.


Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн эрдэмтэд энэ зун Дархадын хотгорт 40 хоног ажиллахдаа Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох, археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц цоо шинэ олдворуудыг нээжээ. Үүний дотор хөлдүү хадгалагдсан цагаан идээнээс гадна алт, мөнгө, торго, яс, шийр, үйсээр хийсэн олдворууд зэрэг олон тооны чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж цуглуулаад байна. Эдгээр эд зүйлс эрдэмтдээс өмнө тонуулчдын гараар орсон байсныг төслийн багийнхан онцоллоо.




Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, “Умард Монгол” төслийн судалгааны багийн Монголын талын удирдагч, доктор Ж.Баярсайхан: “Бидний олж илрүүлсэн уг археологийн олдворууд аль хэдийнээ тонуулчдын гарт орсон булшнаас олж илрүүлснийг юун түрүүнд онцолмоор байна. Жишээлбэл Дархадын хотгорт тоногдоогүй бүтэн хадгалагдсан булш хэрэгсэл маш ховор болсон. 2016 онд Мунгар багийн нутагт орон нутгийн хүмүүстэй ярилцаж, угсаатны зүйн мэдээлэл авч байхдаа булш бухан тоноочдын талаар сонссон. Улмаар нутгийн иргэдээр заалгаад “Хориг” хэмээх газарт очиход 100 гаруй булшийг тоносон байсан. Хүний яс, эд зүйлс талаар нэг тарж, хог шиг энд тэндгүй хөглөрсөн байсан. Ингээд археологийн малтлага хийх зөвшөөрөл авсны дараа хоёр жилийн хугацаанд эдгээр эд өлгийн зүйлсийг илрүүлээд байна. Маш олон олдвор илрүүлсний дотор тэс хөлдүү хадгалагдсан өрөм, шар тос хамгийн их анхаарал татаж байна. Металл хайгчаар тонуулчид илрүүлж чадаагүй 10 орчим ваар олдсон. Гүехэн булшинд байсан органик зүйлс хадгалагдаж үлдээгүй. Харин цэвдэг дотор хадгалагдсан дөрвөн ваарны гурав нь өрмөөр, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Хоёр ваарны голоос зулын гол байх магадлалтай зүйл илэрсэн. Вааранд мөнхийн зул асааж тавьдаг байсан байж болох юм. Түүнчлэн ваарны амсрыг хагалж, өргөн болгосон байгаа нь зул байж болзошгүйг баталж байна. Бид азаар энэ нэн ховор олдворуудтай учран золголоо. Хэрэв нэг хоёр жил алдсан бол мөнх цэвдэг хайлж өрөм шар тос муудаж үгүй болох байлаа” хэмээв.


Монголын эзэнт гүрний их хаадыг “Хориг” хэмээх газар оршуулсан талаар Дундад зууны маш чухал сурвалжуудад дурдсан байдаг. Хөвсгөл аймгийн нутагт байрлах энэ газарт хаадын биш юмаа гэхэд томоохон язгууртнуудын бүлэг оршуулга байсныг доктор Ж.Баярсайхан онцоллоо.


Тэрбээр “Монгол булшны зан үйлийн хэд хэдэн чухал элемент илэрсэн. Тухайлбал бүх булшнаас эвдэрч сүйдсэн ухмал модон авс гарсан. Ухмал модон авсан дотор хүнээ хийж битүү торгоор доторлоод, гадна талыг нь ширээр бүрсэн байсан. Шир, мод хоёрын дундуур төмөр бүслүүр бүслээд толгойг нь хойд зүг рүү харуулан оршуулсан байсан. Ваарнуудыг тусгай хөмөг дотор хийж толгой талд нь Юань гүрнээс гаралтай нэг хээтэй ваарыг баруун хажуу талын хананд байрлуулсан байсан. Шагай чөмөг бараг булш болгоноос олдсон. Монгол булшинд шагай чөмгийг ихэвчлэн доош нь харуулж тавьсан байдаг бол эдгээр булшинд шийртэй нь хамт босоо байрлуулсан байсан. Түүнээс гадна хүннү болон монголчуудын зан үйлийн чухал холбоосыг илтгэж байгаа олдвор бол алтан нар, сарны дүрс юм. Ийм дүрс хэд хэдэн булшнаас олдсон. Энэ нь Хүннүгийн үеийн булшнаас түгээмэл олддог олдвор юм. Торгоны тасархайнууд дээр бүргэдийн толгойтой арслан биетэй домгийн амьтны дүрс, луу зэрэг байгаа нь дундад зууны үеийн тансаг хэрэглээг илтгэж байна” гэлээ.   

Эдгээр 100 орчим дурсгалыг хамгаалснаар томоохон судалгааны ажил эхэлж байна. Судалгааны ажлыг олон улсын эрдэмтдийн багтай хамтран хийх юм. Жишээлбэл ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнд эдгээр булшны он цагийг тогтоох аж. Түүнчлэн торго, металл, шаазан ваар, адуу малын тоног хэрэгсэл зэрэг эд зүйлсийг шат дараалалтай судлах юм.




“Умард Монгол” төслийн судалгааны багийн АНУ-ын талын удирдагч Жулиа Кларк: “Монгол Улс сүүлийн үед ихэд хөгжиж байгаа ч түүх соёлын дурсгал сүйдэж байна. Үүнд физик хүчин зүйлээс гадна дэлхийн дулаарал нөлөөлж байгаа. Гэхдээ нөхцөл байдлаас үл хамааран археологийн үнэт олдворуудыг бид хамгаалж чадлаа. 800 жилийн тэртээ Дархадын хотгорт амьдарч байсан 5-6 настай хүүхдийн булш олдсон. Тэр хүүхдийг Монголын умард нутгийн нэгэн үзэсгэлэнтэй газар үндэсний дээл хувцастай оршуулсан байсан. Гэвч түүнийг олон зуун жил амар тайван нойрсож байсан газраас нь хөдөлгөж, ясыг нь энд тэндгүй тараасан байгааг хараад ихэд харамссан. Энэ төрлийн дээрэм тонуулыг зогсоож соёлын өвийг хамгаалахад зөвхөн мэргэжлийн байгууллага бус бүх хүний оролцоо чухал. Ийм зүйл дахиж тохиолдох ёсгүй” хэмээлээ.

Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын сэрүүн уур амьсгалтай газарт археологийн зүйлс олон зуун жил бүрэн бүтэн хадгалагдаж байгаа ч тонуулчдын олз болсоор байна. Зөвхөн Хориг ууланд л 100 булш, түүнчлэн Номт, Онгон, Цагаан уул зэрэг олон уулын булш тоногдсон байгаа юм. Тиймээс Хорьдол сарьдгийн бүс нутгийг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатайг эрдэмтэд онцоллоо.  




Холбоотой мэдээ