Ш.Мөнх-Учрал хашаандаа тохилог амьдрах боломжийг бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-02 17:18:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөл хэрэгжиж байна. Гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хөрс, агаар, орчны бохирдлыг үүсгэж буй асуудлыг шийдвэрлэх боломж, гарц шийдлийг олох, иргэдийн санал санаачилгыг дэмжихэд төслийн зорилго чиглэж байна.

Иргэд хашаандаа сайхан амьдарч болдгийг харуулах зорилгоор Жаргалант сумын гэр хорооллын багийн жишиг болохуйц хөдөлмөрч айл өрх, иргэнийг олон нийтэд сурталчилж, улмаар тэдний санал хүсэлтийг төслийн үйл ажиллагаанд тусгаж эхэлжээ.

"Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн онцолж буй эхний айл Жаргалант сумын Бугат багийн 10 дугаар гудамжний 11 дүгээр тоот хашаанд оршин суугаа Ш.Мөнх-Учралынх.

Ш.Мөнх-Учрал хашаандаа тохилог байшин, мөн ажлын байр бүтээн босгожээ.

“Гэр хороололд эрүүл, тохилог орчинд амьдрах боломж нөхцөлийг иргэн өөрөө бий болгож чадна” хэмээн тэрбээр онцлов. Тэднийх байшингаа 2015 онд барьсан аж. 

Ш.Мөнх-Учрал ''Байшингийн давуу тал  гэвэл дулаан алдах нь бага. Байшин, амины орон сууц барихад анхаарах гол асуудал нь дулаалга гэв. Мөн миний  хувьд  эцэг эхээс заяасан багахан авьяас, ур чадвартаа түшиглэн мужааны ажил эрхэлдэг. Модон тавилга, гал тогооны иж бүрдэл урладаг" гэлээ. 

Түүний цаашдын зорилго бол хашааныхаа гадна орчныг сайжруулах, ногоон байгууламж, зүлэг бий болгох, инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир устай, халаалтын системтэй болох гэнэ.

Иргэдийн хувьд Ш.Мөнх-Учрал шиг хашаандаа орон сууц, нийтийн байрнаас илүү тав тухтай, чөлөөтэй амьдрах боломж нээлттэй байна. Гагцхүү шинэ санаачилга, хичээл зүтгэл хэрэгтэй аж. 


 

 


Холбоотой мэдээ