М.Цогбаяр: Архивын сонирхолтой баримтыг иргэдэд хүргэх нь зүйтэй гэж бодсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-01 14:42:19

Завхан/МОНЦАМЭ/. Одоогийн Завхан аймаг буюу Засагт хан аймгийн дотор хүн ам хийгээд газар нутгийн хэмжээгээрээ томоохонд орох хошуудын нэг нь “Мянган тайжтай түмэн Сартуул” хэмээх Сэцэн Сартуулын хошуу юм.

Уг хошуу нь эдүгээгийн Завхан аймгийн Дөрвөлжин, Сонгино, Ургамал, Эрдэнэхайрхан, Яруу, Цэцэн-Уул, Сантмаргац, Түдэвтэй сумын хагас, Увс аймгийн Завхан сумыг хамарч байв. Энэхүү томоохон хошууны тухай сонирхолтой түүхийн талаар архивын мэдээллийг хөрвүүлж олны хүртээл болгож буй судлаач М.Цогбаяртай ярилцлаа. 
-Таныг архивт хадгалагдаж буй Сэцэн Сартуулын хошууны тухай сонирхолтой түүхийг хөрвүүлэн аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цувралаар танилцуулж байгааг сонслоо. Яагаад заавал энэ хошууг онцлох болов?
-Анх аймгийн архивын тасгийн гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа Архивын тасгийн дарга, судлаач Ш.Даваадэмбэрэлтэй судалгааны ажил хийж байгаад архивын тасгийн сан хөмрөгт Ф-1, Д-1, ХН-1 дугаартай хадгалагдаж байгаа Сэцэн засгийн хошууны хүн амын дансны баримтыг үзээд энэ сонирхолтой баримтыг иргэдэд хүргэх  нь зүйтэй гэж үзсэн.

Түүнээс зориуд онцолсон юм байхгүй ээ. Манай аймагт арвин түүхтэй хошууд байгаа. Анх “Мянган тайжтай түмэн Сартуул” хэмээх Сэцэн Сартуулын хошууны товч сонирхолтой түүхийг иргэдэд хүргэх санаа төрснөөр судалж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түүхийг хүргэж байна.

Энэхүү баримтыг 1968 оны 12 дугаар сарын 04-нд тухайн үеийн архивын эрхлэгч Ёндон гуай үдэж хавтасласан байсан. Баримтыг хавтасласан нүүрэнд хүн амын нэрийн данс байх бөгөөд үүнд, "Архивын материалд аравны дарга гэж гарна. Чухам аль хошуу сум болох нь мэдэгдэхгүй байна” хэмээн нэрлэсэн байсан.

"Баримтын эхний хуудасны зүүн дээд өнцөгт 11,6*11 см харьцаатай жижиг цагаан цаасан дээр хөх бэхээр таталган монгол бичгээр анх данслахдаа бичсэн болов уу гэмээр бичиг бий. Энэ таталган бичгийг гаргахад нэлээд төвөгтэй бөгөөд үүнийг бичсэн нугалбар цаасанд дарсан тамгыг ажваас Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошуу захирах тамга хамаарсан тэмдэгтэй баймуй.

Иймээс Сэцэн засаг хошууны хоёр өөр оны хүн амын данс бололтой. Чухам аль сумдыг тодорхой мэдэхгүй” гэж бичсэн байсан. Тэгэхээр үүнийг  эрт бичсэн бололтой юм билээ.
-Тухайн баримт хэдэн хуудас байв? 
-Баримтыг 26х26 см хэмжээ бүхий улаан шугамтай муутуу цаасыг хамарлан товхиж цагаан өнгийн утсаар үдэж, хар бэхээр бичсэн нийт 209 хуудастай байсан.

Эхнээсээ болон хойноосоо хэд хэдэн хуудас дутуу, эхний дөрвөн хуудас нь урагдсан байдалтай ямар нэгэн нэгдсэн товьёог үгүй, өөрөөр хэлбэл бүрэн бус байгаа.
-Тухайн баримтад хүн амыг бүртгэж бичихдээ ямар байдлаар бичиж хадгалсан байв?
-Баримтад хүн амыг данслан бичихдээ өрх бүрийг дугаарлан, тухайн хүний нэр, нийгмийн гарал /лам, хар, тайж гэх мэт/, нас, эхнэр, үр хүүхэд тэдний насыг бичих зарчмаар, нэг хуудас цаасанд хойш дөрөв, доошоо 11 нүд шугамдаж бичсэн байсан.

Энэ албан дансыг бичигч нь тухайн үеийн монгол бичгийн сонгодог боловсролтой хүн байсан гэдэг нь түүний бичгээс тодорхой харагдаж буй бөгөөд нарийн бийрээр гаргацтай тогтуун бичсэн нь илт.

Энэ баримтыг Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууны хүн амын тооллого гэдгийг батлах бас нэг баримт нь дансыг албан ёсны гэдгийг батламжлан дарсан тамганы дардас юм.

Энэ дардас нь 10,6х10,8 см хэмжээтэй ба баримтыг аль хошууных болох, хэдэн онд бичсэн зэрэг мэдээллийг агуулж байсан. Тамгыг нэг хуудас алгасан дарсан байна.

Тамганы дардас нь, “Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууг захирах тамга” гэсэн үсэгтэй, гол хэсэгт Монгол төрийн бэлгэдэл болсон соёмбыг оруулсан байсан.

1911 онд Монгол Улс Манжаас тусгаарлаж, Богд хаант Монгол Улсыг сэргээн байгуулахад Манжийн үед хэрэглэж байсан хуучин тамгыг хураан авч шинэ тамга олгосон байдаг. Манжийн засаглалын үеийн тамганд Манж, Монголоор бичдэг байсан бол энэ тамга нь дан Монголоор бичээд гол хэсэгт соёмбыг оруулж өгсөн байсан.
-Сэцэн засгийн хошууны хүн амын данс нь хэдээс хэдэн он хүртэл бичигдсэн юм бол? 
-Сэцэн засгийн хошууны хүн амын дансыг 1924-1925 онд жил орчим үргэлжлүүлэн нэгтгэж бичсэн бололтой юм. Баримтын зарим хэсэгт “13 дугаар он, 14 дүгээр оны 09 дүгээр сарын 17-ноо нэмсэн” гэсэн үг тааралдаж байсан. Энэ нь 1924, 1925 он юм.

Ер нь дорно дахины улс орнууд шинэ хаан солигдоход он тооллоо эхлүүлэн тоолдог жамаар 1911 оныг Олноо өргөгдсөний тэргүүн он хэмээн тоолдог юм. Засагт хан аймаг 1923 оноос Хантайшир уулын аймаг гэж нэрлэгдэх болсон бөгөөд энэ баримт 1924-1925 онд бичигдсэн атал тамга нь Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууг захирах тамга гэсэн байгаа юм.

Энэ нь 1923 онд хэдий нэр солигдсон боловч шинэ тамгыг хараахан олгоогүй байж болох талтай. Монгол Улс 1918, 1923-1925 онд нийт улсын хүн ам, мал хөрөнгийн тооллого явуулсан байдаг.

Энэ тооллогыг Засагт хан аймагт 1923 оны 06 дугаар сараас эхлэн явуулж, аймаг хошуудад тооллогын комисс байгуулж, тусгай хөндлөнгийн төлөөлөгч томилон хатуу хяналтын дор гүйцэтгэсэн байна. Энэ үеийн Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуунд  2264 бүр өрх, 45 баг, арван гэр 226, лам банди 1221, хар хүн 3974, эмс охид 4540 гэхчлэн тоолсон байх юм.

Бүр өрх

Баг

Арван гэр

Лам банди

Хар хүн

Эмс охид

Бүх хүн ам

Адуу

Тэмээ

Үхэр

Хонь

Бүх бод

2264

45

226

1221

3974

4540

9744

8956

1505

7924

62365

32363


Энэ бол 1923 оны хүн ам, малын тооллогын тоо. 1923-1925 онд хэд хэдэн удаа тоолж дээш мэдүүлсэн байдаг ба дээрхи тооллогын баримт нь 1924-1925 онд тоологдсон баримт юм. Сан хөмрөгийн Ф-1, Д-1, ХН-2 дугаартай хадгалагдаж байгаа баримт нь энэ тооллогын дансны хуулбар нь бөгөөд үг үсэггүй таарч байсан.

Нэгдүгээр баримтыг бодвол 258 хуудастай уранхай хуудсыг нөхөж байгаагаараа үнэ цэнэтэй баримт. Баримтын эхний хуудасны дээд хэсэгт /11,8*11/ гэж 1 дүгээр баримтын адил Монгол бичгээр татлан бичсэн байх ба үүнийг бичсэн нугалбар цаасанд дарсан тамгыг ажихад Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошуу захирах тамга хэмээсэн үсэгтэй байна.

Иймээс Сэцэн засгийн хошууны аль сумыг мэдэхгүй ч хүн амын данс бололтой юм. Би энд хүүхэд байж, 13 дугаар оны бололтой...” гэж бичиж хадгалсан байсан. Энэ бичсэн хүнээс нэлээд хожуу бололтой тосон балаар “Данснаас одоогийн Сантмаргац сумын хүмүүс хамаатай.

Олон сумын хүн амын бүртгэл бололтой. Сандажий” гэж хожуу бичсэн байна билээ. Энэ үед Сэцэн Сартуулын хошуу  харьяа олон сум, арван гэрүүдээс бүртгэлийн нугалбар бичгийг авч нэгтгэн бичиж байсан бололтой юм.

Хоёрдугаар дансны 59 дүгээр хуудсанд нэгэн бичиг хавчуулсан байсан. Энэ бичигт, “Манлай сумын өгөн мэдүүлсэн цэсийг одоогийн үйлдсэн цэс луга нийлүүлэн байцааваас....эдгээр арван өрхийг илүүтгэн бичсэн амуй” гэж бичсэн байсан.

Энэ дансанд нийт 2432 өрх бүртгэлтэй байж. Энэ дансанд олон зуун тайж нарын нэр гарч байсан. Тухайлбал 250 дугаар хуудсанд нь “Ачит хутагт” Ванчиндорж нас 9 гэж гарч байсан. Энэ нь Ачит хутагтын 3 дугаар үеийн хувилгаан бөгөөд 1918 онд Богд хаан соёрхон ачит хутагтын дүр мөн хэмээн өргөмжилсөн байдаг.

Улмаар 1919 онд улсын санд 1600 лан мөнгө өргөж харавтар улаан жолоогоор шагнагдаж байсан Ачит хутагт Ванчиндорж 1937 онд хэлмэгдэн цаазлагдсан түүхтэй хэмээн Улс төрийн хэлмэгдэсдийн цагаан номын 76 дугаар талд Хасын Вандандорж 1915-1937 он нас 22 Завхан Чандмана гэж тэмдэглэсэн бол энэхүү Сэцэн Сартуулын хошууны хүн амын дансанд Ванчиндорж гэж бичигдсэн байх жишээтэй.
-Сартуул хошуу дотроо засаг захиргааны хувьд хэд хуваагдаж байсан юм бол?
-Баримтанд буйгаар Сартуул хошуу нь дотроо үндсэн 18 бүлэг, дөрвөн шавь, 13 отогт хуваагддаг байсан юм билээ. Үүнийг дэлгэрүүлбэл Чимиддоржийн бүлэг, Ренчинванжилын бүлэг, Зоонойн бүлэг, Өлзий-Очирын бүлэг, Жанжинхүүгийн бүлэг, Чулуунбаатарын бүлэг, Цагаан ламын бүлэг, Батжавын бүлэг, Хатиганы бүлэг, Зонройн бүлэг, Баянбатын бүлэг, Туслагчийн бүлэг, Шархүүгийн бүлэг, Чондонгийн бүлэг, Өнөхишигийн бүлэг, Базарваанчигийн бүлэг, Араашжавын бүлэг, Эрэндогнын бүлэг.

Мөн энэхүү 18 бүлэг нь хар шар гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд шарын бүлэг нь дотроо Ачит хутагтын шавь, Билэгт хутагтын шавь, Номч хутагтын шавь, Гаа номын шавь гэсэн дөрвөн шавьд хуваагддаг байж. Үүнээс гадна  Сартуул Сэцэн вангийн хошуу нь 14 отогтой.

Үүнд  Алаг адуун, Саарал адуун, Дархчууд, Ламын шавь, Хотгор, Дарви, Хөтөч, Барга, Урианхай, Булган, Хороо, Долоон, Хөтчин гэсэн отгуудтай байсан байна. 1923 оны байдлаар Сэцэн вангийн хошуу нь Харилт, Онолт, Өлзийт, Мэргэнт, Манлай, Баянгол, Бат, Бадрах, Бадрангуй, Дэлгэрэх, Саруул, Бүтэмж, Цогт, Оргих, Билэгт, Нэмэх, Тогтох хэмээх 17 сум болж Засаг даргаар нь Н.Жалчингомбоцэдэн ноёныг олны саналаар сонгож байсан юм билээ.

Сүүлийн үед хүн бүр өөрсдийн ураг удам, овгоо сэргээж байгаа өнөө үед энэ нь Завханчуудад үнэ цэнэтэй чухал баримт болох байх. Тиймээс иргэд өөрсдийн овог, удам угсаагаа мэдье гэвэл архивын сонирхолтой баримтуудыг шүүн тунгааж үзэх хэрэгтэй.

-Сэцэн Сартуул хошууны талаарх сонирхолтой баримтын талаар багагүй ярилцлаа. Тэгэхээр таны судалгаанаас өөр ямар баримт байна вэ?

-Монгол Улсад 92000 орчим ургийн овог байдаг байна. Үүнээс нийт хүн амын хэмжээнд дийлэнхи хэрэглэгддэг 20 ургийн овгийг хүснэгтээр харуулав. Үүнд: боржигон овог-615061, дараа нь Сартуул овог-43812 хүн байна тайж-41103 гээд баримт байна 2015 оны

Сартуул Сэцэн вангийн хошуу, болоод Сартуулуудын тухай түүх шастирт тэмдэглэгдэн үлдсэн нь нэн ховор бөгөөд XIII зууны эхэн үед цухас мэдээ гараад улмаар XVI зууны эхэн үед Далдан хөндлөн ноёнд Тангууд, Сартуул хоёр отог очсон гэх мэдээ гардаг. Юутай ч гэсэн XV зууны эхэн гэхэд Сартуулууд бүрэн монголжин Халхын нэгэн томоохон отог хэмээгдэх болсон нь мэдэгддэг. Өөрөөр хэлбэл Баянмөнх болох жононг гурван настай байхад нь Ойрадын Үгүйдэй Тайбо гэгч Халхын Сартуул отгийн Баяндай ахлахуй нарын гурван баатрын хамт Халхад хүргэн авчирсан хэмээн сурвалжид тэмдэглэжээ. Чингэхээр дээрх сурвалжийн мэдээг үндэслэвэл XV зууны дунд үе гэхэд Сартуул нь бүрэн монголжиж Аглагийн 12 хүрээ (отог) Халхын нэгэн хэмээн нэрийдэгдэх болсон хэмээн үзэж болохоор байна. Сартуулууд энэ үед их хааны захиргаанд яваад Даян хааны отгон хөвүүн Гэрсэнз хунтайжийн их хатан Хатангүй Халхыг түүний долоон хөвгүүн хуваан захируулахад Сартуул нь Тангуудын хамт зургаадугаар хөвгүүн Далдан хөндлөн ноёны мэдэлд очжээ. Далдан ноёны эзэмшил нутаг дахь түүний орд өргөөг сурвалжид Сартуулын газар хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Далдан ноёны орд өргөө нь Сар хайрхан (одоогийн Дөрвөлжин сумын нутаг) уулын орчим байжээ. XVII зууны эхэн үе гэхэд Сартуулууд нь Халхын баруун гар Засагт хан аймгийн нэгээхэн хэсэгт багтаж Тангуудын хамт нэг хошууг үүсгэн Засагт хан аймагт харьяалагдаж байснаа 1662 онд Тангууд отгийн эзэн Бинт ноён харьяат ардын хамт өвөр монголд суурьшсаны хойно дангаар нэг хошуу зохион Сэцэн вангийн хошуу хэмээн нэрийдэгдэх болсон байна. 1691 оны Долоннуурын чуулганаар Сартуул сэцэн вангийн хошуу нь Засагт хан аймгийн 7 хошууны нэг гэгдэн Засаг ноёноор Далдан ноёны хөвгүүн Жүндүдэй хатан баатар, түүний хөвгүүн Дамба хөндлөн тойн, түүний хөвгүүн Саран ахайг батламжлан цол хэргэм шагнан хошуу захирсан засаг ноён болгожээ. Хошууны нутгийн хил нь өмнө зүг Зүр хүзүү, Завхан гол, Тахь хошуу, Хомын тал, баруун зүг, Хар нуурын хөвөө, Хатуу тээл, Айраг нуур, баруун хойд, хойд талаараа Талын суудал, Үнэгэд, Хулж булаг, Улаан толгой, Загт, Туулайт, Сонгино уул, Уйтан булаг, зүүн хойт, зүүн талаараа Улаан толгой, Муу түлээт, Айраг нуур, Хавцгайт гол, Хунт Холбоо нуур, өвөр Улаагчин, Улаан эрэг хүрэх ажээ. Манжийн үеийн Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу хэмээн нэрийдэгдэж байгаад 1923 оноос Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу хэмээн нэрийдэгдэх болсон байна. Хошууг засаг ноён Саран ахай, Ламжав, Цэдэнжав, Норов, Дэндэвдорж, Цэсүнжав, Цэвээнжав, Ванчинбазаржав, Насанбуянжаргал, Жалчингомбоцэдэн нар угсаа залган захирч иржээ. 1918 оны мэдээгээр 2291 өрх, 10152 хүн ам, үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671 байжээ. 12,2 мянган толгой малтай байв. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Завхан аймгийн Сонгино, Ургамал, Сантмаргац, Завханмандал, Дөрвөлжин, Барчин, Чандмана-Өлзийт, Увс аймгийн Завхан сумдыг зохиосон байна гэж эх сурвалжид өгүүлсэн байна.

Өөр нэгэн сурвалжид: XIV зууны хоёр дугаар хагас буюу Их Монгол улсын үед Зүүн Монголыг “Дөчин түмэн”, Баруун Монгол \Ойрад\-ыг “Дөрвөн түмэн” хэмээн хоёуланд нь хураангуйлан “Дөчин дөрвийн хоёр” гэж нэрлэж байжээ. Харин Юань улс мөхсөний дараа Зүүн Монголыг  “Зургаан түмэн” буюу “Зургаан их улс”, Баруун Монголыг урьдын адил “Дөрвөн түмэн” буюу “Дөрвөн Ойрад” хэмээн нэрлэж тэр хоёрыг нэгтгэн зарим сурвалжид “Арван түмэн” хэмээн тэмдэглэсэн нь буй. Батмөнх Даян хаан \1474-1517\-ы үед “Зургаан түмэн” дотроо Зүүн 3, Баруун 3 түмэн гэж хуваагдаж, баруун түмнийг “Жонон” хэмээх хунтайж захирч байв. Батмөнх Даян хаан өөрийн улсыг “Зургаан түмэн” болгон хуваасны нэг нь  “Халх түмэн” болой. Халх түмэн 12 омог буюу нутгаас бүрдсэн учир “Аглагийн 12 хүрээ халх”, “Арван хоёр хутаг халх”, “Арван хоёр омог халх” хэмээн нэрлэж байжээ. Батмөнх даян хаан газар нутгаа хөвгүүддээ хуваан өгөхөд “Халх түмний” 12 омгийн өмнөд 5 омог нь тавдугаар хүү Алгиболоод, арын 7 омог нь отгон хүү Гэрсэнз нарын мэдэлд тус тус очжээ.
Энэ үеэс эхлэн Ар халх, Өвөр халх хэмээн нэрлэх болсон ажгуу. Халх түмнийг “Халдах дайсны халх болсон. Харвах сумны бамбай болсон. “Халх түмэн” гэж “Зургаан түмэн” монголын магтаалд алдаршуулжээ. Ар долоон омогт Жалайр, Бэсүд, Илжгэн \Эрчигэн\, Горлос \Хорлос\, Хүхүйд, Хатагин, Урианхай зэрэг халх түмний хуучин гурван отгоос гадна 16-р зуунаас хойш түүхийн янз бүрийн шалтгаанаар тус нутагт сэлгэн суурьшиж халхажсан Тангад, Сартуул, Хэргүүд \Хэрээд\, ба Үнэгэд, Хүрээ, Хороо, Цоохор мэт шинээр буй болсон отгууд хамаарах болжээ.                         
Гэрээслэл ёсоор Гэрсэнз Жалайр хунтайж \1513-1549\-ийн их хатан Хатангуа 7 хүүдээ арын 7 омгийг захируулснаар халхын “Долоон хошуу” үүсжээ. Долоон хошууг баруу, зүүн хоёр гар болгож, баруун гарыг ууган хүү Ашхай, зүүн гарыг гутгаар хүү Онохуй Үйзэн нар захирч байв. Баруун гар нь Ноёдай Хатанбаатар, Далдан Хөндлөн, Саму-Буйма, Ашихай нарын эзэмшилд хамрагдаж  Алтай, Хангай нурууны хоорондох нутаг, Зүүн гар нь Онохуй Үйзэн, Аминдурал, Дарь тайж нарын эзэмшилд харагдаж Хангайн нурунаас халх гол хүртлэх нутаг тус тус хамрагдаж байв.                
16-17-р зууны заагт Гэрсэнзийн угсааны ноёдоос “Очирбат тулгар түшээт хан”, “Махасамиди гэгээн Сэцэн хан”, “Эрдэнэ бишрэлт засагт хан” нар тодрон гарснаар Халхыг гурав хуваан захирав. Ийнхүү Ашихай дарханы эзэмшлээс Засагт хан, Онохуй Үйзэний эзэмшлээс Түшээт хан, Аминдуралын эзэмшлээс Сэцэн ханы нутаг дэвсгэр тус тус бүрэлдэн тогтож Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гэсэн халхын гурван аймаг үүсэн гарсан ажээ.   
Цэцэн сартуул нь хуучнаар Засагтхан аймгийн нэг хошуу байсан бөгөөд одоогийн Завхан аймгийн Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино, Яруу, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэ-хайрхан, Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Чандмань зэрэг сумд түүнд багтаж байсан байна.

-Сартуулын тухай домог байдаг гэж та цухас дурдсанаа дэлгэрүүлээч?

-Сартуул овогтнууд эртнээс үнэнч хичээнгүй, цэцэн саруулаараа алдартай хүмүүс байжээ. Цэцэн Сартуул гүнтэй холбоотой дараах домог байдаг. Халх монголыг гурван хан бүхий засаг захиргааны нэгжид хуваахад Сартуул ноёнд том нутаг өгч болохгүй хэмээн манжууд хэлцэж гэнэ.  Ноёд хошуудын нутгаа хувааж авахдаа хонины махны хэсгээр жишсэн юм гэнэ. Тэгэхэд Элжигэн ноён нуруу сээрийг авна гэхэд Сартуул ноён би хонины өвчүү хэлбэртэй газар буюу гурван бор толгой л авъя гэсэн юм гэнэлээ. Цаадуул нь тэр чинь ямар гурван толгой билээ гэхэд сар толгой, алдар толгой, цэцэн толгой гурав хэмээн хариулсан гэдэг. Манжууд сонсож дуулаагүй нэр болохоор нь зөвшөөрчхөж. Гэтэл тэр нь Дөрвөлжин сумын баруун үзүүрт байрлах Сар толгой буюу Сар хайрхан, Алдархаан сумын нутаг дахь Алдар толгой, Цэцэн уул сумын нутаг дахь Цэцэн толгой гурав байжээ. Энэ гурван толгойн дундах нутаг нь одоогийн тав, зургаан сумыг нийлүүлсэн том нутгийг хамарч байжээ.
Сартуул нутаг нь хонины өвчүүний хэлбэртэй ба Сонгино  хайрхан, Шотой, Шар нуруу, Хавцгайт, Алаг, Аргалант, Таван лам, Цогт хайрхан, Их буурал, Тасын суудал, Хомын тал, Завханы ба Монголын үргэлжилсэн их элсэн манхан, Хунт холбоо, Хар нуур, Баяннуур, Айраг, Цавдан нуурууд, Завхан, Хүнгий зэрэг том гол багтсан хангай, говь хосолсон Хангай, Алтайн их нурууны завсарт, Хан хөхийн хормой, Булнайн нурууг түшсэн өргөн их нутагтай  билээ.
Түүгээр ч барахгүй Сартуул Цэцэн Ван Жалцангомбоцэдэнд зориулсан дууль байдаг юм билээ. Энэ дуульд:
-Цаг, цагийн ноёд цадиг, шастирт үлддэг
Цасан цасны ширхэг цэцэг цэцэгт шингэдэг.
Буурал, буурал дээдэс буян буянд үлддэг.
Бутан бүртэн хорвоо бодол бодолд явдаг.
Замилан, замилан нартад Засагт хан аймаг-
Займан, займан уртад Цэцэн Сартуул хошуу-
Хошуу, хошуу ноёдоос Цэцэн, Цэцэн ван
Холдуу, холдуу олноос Жалцангомбоцэдэн минь!
Од, одны тохиолоор орчлон орчин дэнсэлсэн
Оноо, онооны тавилаар олон, олон донсолсон
Шуурган, шуурган жилүүдийн үйлийг үүрсэн ноён минь
Шуугин шаагин үерлэх үхлийг хаасан ноён минь,
Түм, түмэн Сартуулаа үртэй, нартай нь үлдээх гэж
Түшиг, түшиг оюунаа суманд өргөсөн ноён минь
Эгэл, эгэл Халхыгаа мөртэй, нэртэй нь аврах гэж
Эрдэнэ, эрдэнэ амиа буунд орхисон эзэн минь
Манж, манжийн өмнө бодлоо алдаагүй ноён минь
Манан, манан нөмрөхөд босоо ч сөхрөөгүй эзэн минь
Тусгаар, тусгаар төрийн сүлдээ алдаагүй ноён минь
Тунхаг, тунхаг үеийн илдээ өгөөгүй эзэн минь
Амь, амиа дутаах аюул, аюул нүүрлэхэд
Ард минь, ард минь гэсээр амь тасарсан ноён минь
Түмэн, түмнээ мөхөөх түймэр, түймэр дүрэлзэхэд
Төр минь, төр минь гэсээр түүх бөхөлсөн ноён минь
Хойч хойчийн замыг зуун, зуунаар харсан
Холын, холын ухаантай цэцэн, цэцэн ван минь
Уул, уулын заяаг уйлан хайлан өмгөөлсөн
Уужим уужим бодолтой Сартуул цэцэн ноён минь
Мянга, мянган маанийн хүрдэнд эргэсэн бурхан минь
Мөнх, мөнх дээдийн хойморт заларсан дагшин минь
Эзэн, эзэн Богдын зэрэгтэй, хэргэмтэй Цэцэн минь
Эргэн, эргэн төрөхийн заяатай буянтай Ван минь... гэж өгүүлсэн байдаг юм байна.
-Сартуул гэсэн нэрийн тухай?

-Сартуул гэсэн нэрийн үүслийг Сарт Уул буюу Сар хайрхантай холбож тайлбарлах явдал бас байдаг.  Эрдэмтэн Х.Нямбуу “Далдан хөндлөн /Гэсэнз хүн тайжийн гуравдугаар хөвгүүн/-гийн өмчлөн авсан Сартуул, Тангад хоёр отгийнхноос “Цэцэн Сартуул” хэмээх нэгэн хошуу үүссэн нь Сартай уулыг тойрон нутаглажээ" гэсэн байдаг. Энэхүү Сар хайрхан нь эртнээс тахилгатай байсан, тал дундах жижигхэн толгой бөгөөд их нууруудын хотгорт байрлах энэ толгой дээрээс мөнх цаст сутай хайрхан, жаргалант хайрхан, хан хөхий зэрэг алтай хангайн сүрлэг уул, нурууд хөхрөн харагдаж, хар ус нуурын толин мандал цэнхэртэн эргэн тойрны 100-аад км газар нүдэнд ил харагддаг юм. Мөн 1995 онд шинэ цагийн анхны даншиг наадмыг энд зохион байгуулж байсан түүх бий. Харин Сартуул ястан "сарт аул" чантуу айлууд" гэсэн түрэг үгнээс гаралтай гэж зарим судлаачид үздэг. Тэгвэл чантуу нар нь анх Енисей мөрний ойролцоо ан гөрөө хийж амьдардаг, царай төрхийн хувьд Европ төрхтэй Динлин нартай худаг ураг явсан Түрэг угсааны Узбекууд буюу Уйгурууд гэж үздэг. Мөн зарим судлаачид чантуу нарыг Хиргисүүд буюу Кыргыз нарын нэг салбар гэж үзэж тайлбарладаг. Аль ч утгаар нь авч үзсэн Енисей мөрөн, Саяаны нуруугаар нутаглаж байсан Европ төрхтэй Динлин нартай худаг ураг явсан Түрэг овог аймгуудын үр хойчис нь сартуул ястан бололтой. Баримт № 2: Сартуул бөө нар Тагна Тува буюу Саяын нуруунаас гаралтай Модор хэмээх онгийг гол шүтээнээ болгон залж явдаг байна. Баримт №3: Сарт гэдэг үг нь худалдаачид, жинчид гэсэн эртний энэтхэг үгнээс гаралтай ба дундад Азид амьдарч байсан түрэг, перс гаралтай, суурьшмал амьдралтай хүмүүсийг Төв Азийн нүүдэлчин түрэг, Монгол гаралтай хүмүүс Сарт-ууд хэмээн нэрлэж байжээ. Сарт гэдэг нь ямар нэгэн овог аймаг, гарал үүсэл нэгдмэл хүмүүсийн нэр биш, харин гарал үүслээсээ үл хамааран тухайн үед дундад Азид байсан суурьшмал амьдралтай хүмүүсийг нэрлэсэн нэр бололтой гэж зарим судлаачид үзжээ. Баримт № 4: Дундад Азид Оросын нөлөө өргөжиж эхэлсэн 19-р зуунаас эхлэн Оросууд Сарт гэдэг үгийг өргөнөөр хэрэглэх болж дундад Азийнхныг (Туркменстан, Узбекстан) нэлэнхийд нь Сарт гэж нэрлэх болжээ. Сонирхолтой нь Сарт гэдэг үг нь 1924 оныг хүртэл хэрэглэгдсээр байсан ба Зөвлөлт Холбоот Улсын үед Сарт гэдэг үг нь доромжилсон, доорд үзсэн үг гэж үзээд сарт хүмүүсийг сарт-ууд гэж дуудахыг хориглосон байна. Тэгээд дундад Азийнхныг угсаатны гарлаар нь ялган зааглаж Туркменистан, Узбекстан гэж нэрлэх болжээ. Баримт №5: Түүхийн эх сурвалжаас харахад Сартуулууд нь эзэн Чингис хааны болон хаан хөвгүүдийнх нь төр барих үед дундад Азиас одоогийн Узбекстан, Афганистан, Тажикстаны нутгаас олноор нүүлгэн авчирч суурьшуулсан урчууд дархчууд тэдний удам ажээ. Эдгээр баримтуудаас хамгийн сүүлийнхэн их хүчтэй яригддаг бас бичигддэг. Сартуул ястан нэг бол Монголжсон Түрэг угсааны хүмүүс эсвэл Монгол, Түрэгүүдтэй ямар ч холбоогүй Дундад Азийн Согд, Перс гарлын хүмүүс ажээ гэсэн олон баримт байдаг юм байна.

 


Холбоотой мэдээ