Хотон ястны ураг, овгийн баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-29 10:53:04

Увс /МОНЦАМЭ/. Хотон ястны ураг, овгийн баяр долдугаар сарын 21-нээс 23-нд Тариалан суманд боллоо. Тус суманд Бурд, Оготор, Хасан, Хочгэлд, Хольдог, Шаавай, Шалбаг гэсэн долоон элхэн байдаг аж.

Тэдгээр элхний уугуул суугуул иргэдийн ураг, овгийн баяр анх удаагаа болж байгаа нь энэ юм. Баяр наадмын үеэр Тариалан сумаас төрсөн аймгийн арслан Төрбатын Нямаа агсны хөшөөний нээлт болов.

Мөн хүчит 32 бөхийн барилдаан болоход Тариалан сумын харьяат, залуу бөх Пугарсүрэн түрүүлж, тус сумын залуу бөх З.Намсрай үзүүрлэлээ. Ураг, овгийн баяраар бүх насны хурдан морьдын уралдаан болсон ба айрагдсан морьдыг шагнаж урамшуулсан юм.

Увс аймгийн Тариалан суманд оршин суудаг хотон ястнуудын өвөг дээдсийг анх Зүүнгарын хаан Галдан бошигт туркуудтай байлдахдаа олзлон Улаангомын газар суурьшуулан цэргийн тариа будаагаа тариулдаг байсан түүхтэй аж. Тус суманд оршин суух хотон ястнууд нь өдгөө таван мянга хүрчээ. 

Холбоотой мэдээ