Газрын биржийн цахим төв иргэдэд үйлчилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-26 13:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар, газрын харилцаатай холбоотой бүхий мэдээлэл үйлчилгээг нэг дор үзүүлэх Газрын биржийн цахим төв өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ)-ийн “Дүнжингарав” салбарт нийтэд үйлчилж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “ННҮТ-ийг 2016 онд нээснээр иргэд хурууныхаа хээгээр мэдээллээ шуурхай авдаг болсон. Тэгвэл өнөөдөр төрийн үйлчилгээ улам цахимжиж, төрөлжиж, салбар салбар руу орж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр нээж буй Газрын биржийн цахим төв болж байна” гэдгийг онцолж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй ННҮТ-ийн салбарыг дахин гурваар нэмнэ гэдгээ онцолсон юм.

Харин БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ, “2003 онд Газрын тухай хуулийг баталснаас хойш газар болон газартай холбоотой өмчийн харилцаа улам боловсронгуй болж эхэлсэн. Улмаар Газрын биржийн цахим системийг нэвтрүүлэнэнэ талын үйлчилгээг хөгжүүлж байна. Нийгмийн харилцаа цахимжих тусам төрийн захиргааны хүнд суртал арилж, ил тод нээлттэй, шилэн тунгалаг, боловсронгуй болж байгаа.


Цаашлаад бид төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааг энэ төвөөр дамжуулан явуулах боломжтой болж байна. Энэ төвийг бид аймаг, орон нутаг бүртэй холбож улсын хэмжээнд газрын нэгдсэн сан бүхий сүлжээтэй болно" гэлээ.

Газрын биржийн цахим төвийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлайгаас тодруулвал, “Цахим төвөөр дамжуулан иргэд, ААН, байгууллага газартай холбоотой кадастрын зургаас эхлээд өөрийн эзэзмшлийн газрын мэдээлэл, баримт авах, төлбөр хураамжаа төлөх зэрэг бүхий үйлчилгээг авах боломжтой. Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг хүртэл энэ цахим төвөөр дамжуулж хийх боломжтой болж буй”-г хэлж байв.

Мөн энэ төвд Call center буюу 7777-1285 дугаарын утасны үйлчилгээг нээжээ. Үүгээр иргэд газартай холбоотой төрийн үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах юм. Хамгийн гол нь газартай холбоотой улсын хэмжээний бүх мэдээлэл энэ төвд цугларч, хяналттай, хариуцлагатай, нээлттэй болж байна гэдгийг онцолсон юм.

Өнөөдөр нээсэн Газрын биржийн цахим төвд цахим үйлчилгээний “Гэрэгэ киоск” машиныг байрлуулсан байв. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын Мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Дариймаа, “Энэ машинаар газрын кадастрын зургийн хураамж, газрын гэрчилгээний хураамж, барьцаа бүртгэх хураамж, газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамжийн лавлагааны үнэ төлбөр, газар эзэмших, ашиглах гэрчилгээ үрэгдүүлсний торгууль төлбөр, дуудлага худалдааны дэнчин төлөх, дуудлага худалдааны тэмдэгтийн хураамж төлөх зэрэг 7 үйлчилгээг газар дээр нь нэг дор шуурхай хийх боломжтой болж байна” хэмээн танилцуулсан юм.

Тэрээр киоск машины тусламжтайгаар иргэд заавал банкинд дугаарлахгүй, өндөр хураамж, шимтгэл төлөхгүй, ийш тийш явахгүйгээр амар хялбар, төвөг чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжтой байна гэв. “Гэрэгэ киоск” машин ННҮТ-өөс гадна газрын алба байрлаж буй нийслэлийн бүх дүүрэгт ажиллаж байгааг хэлсэн юм.

Б.Болд

Холбоотой мэдээ