Говь-Алтайн баяр наадам нээлтээ хийлээ

Фото
185@montsame.mn
2019-07-11 00:02:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. 

Говь-Алтай аймгийн баяр наадам Засаг дарга В.Рэнцэндорж наадамчин олонд хандсан мэндийн үгээр эхэллээ. Мөн үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган Алтай нутгийнхаа хүндэтгэлийг хүлээсэн салбар салбарын эрхмүүд төрийн хүндэт далбаа, аймгийн тугаа мандуулсан юм.

Түүнчлэн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид, хүчит бөхчүүд, цэц мэргэн харваачид, спорт, соёл урлаг, баруун бүсийн уралдаануудад амжилттай оролцсон нийтийн аж ахуйн үйлчилгээний /тогооч, оёдолчин, гуталчин/ шилдэг төлөөллүүд баярын жагсаалд оролцон наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү Алтай нутгийн баяр нартай, хуртай эхэлж хурдан морьдын уралдаан, сур харваа, шагайн харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжиллээ.