Төв аймгийн наадам өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-07-09 22:27:49

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн 96 жилийн ойн баяр наадам өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна. Аймгийн наадамд 256 хүчит бөх зодоглож, 100 гаруй мэргэн харваач сум тавьж, шагайн харваанд 18 багийн 138 харваач цэц мэргэнээ сорьж наадамчин олноо баясгаж байна. 

Өнөөдөр аймгийн наадамд 140 орчим  их насны морьд уралджээ.

Хүчит бөхчүүдээс улсын цолтой 18 бөх, аймгийн цолтой 75 бөх хүчээ сорьж, уран мэхийг уралдуулж байна хэмээн аймгийн Үндэсний бөхийн хорооны нарийн бичгийн дарга М.Баасанцэнд мэдээллээ. Тавын даваанд Улсын заан Б.Батмөнх, Улсын харцага Ө.Даваабаатар, Улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ч.Батчулуун, Улсын начин Б.Бадам-Очир, Г.Ганжад, Б.Даваа-Очир зэрэг улсын цолтой 7 бөх тунан үлджээ.

Бөхийн барилдааныг Улсын тайлбарлагч Ц.Пүрэвдорж тайлбарлан, наадамчин олныг баясгаж байна.

Төв аймгийн баяр наадмын сурын харваанд Баян-Өлгий, Өмнө-Говь, Говь-Алтай, Бага-Нуур, Улаабаатар хотын клубүүдээс 80-аад харваач ирж оролцлоо. Өчигдөр эхэлсэн сурын харвааны дүн өнөөдөр үдээс хойш гарсан юм.

Төв аймгийн "Зуу мэргэн" үндэсний харваачдын холбооны харваач аймгийн мэргэн спортын мастер Э.Цогбаяр 36 харвахаас 34 онож бусдыгаа тэргүүлсэн бол дэд байрт Өмнөговь аймгийн харьяат Монгол Улсын гоц харваач, спортын мастер Мэндбаяр орлоо. Харин эмэгтэй харваачдаас Өмнөговь аймгийн харьяат Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх 36 сумнаас 33 онож тэргүүлсэн бол Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Бага нуурын Уурхайчин клубын харваач аймгийн мэргэн М.Мөнхцэцэг дэд байрыг эзэлж наадамчин олноо баясгалаа.

Өсвөр насны сурын харваанд 26 хүүхэд цэц мэргэнээ сорьсноос "Элчин спортын хорооны тамирчин Б.Мөнхжин, Төв аймгийн "Зуу Мэргэн" холбооны харваач Б.Ариун-Эрдэнэ нар бусдыгаа тэргүүлсэн байна.

Аймгийн баяр наадмын шагайн харваанд Монгол Улсын гарамгай мэргэн хоёр, Монгол Улсын үлэмж дархан мэргэн хоёр, Монгол Улсын хошой мэргэн дөрөв, Монгол Улсын мэргэн тав, аймгийн харьшгүй мэргэн нэг, аймгийн гоц мэргэн гучин гурав, аймгийн мэргэн хоёр тус тус оролцож байна. Өнөөдөр үдээс өмнө зургаан багийн 48 харваач тунаж үлдээд цэц мэргэнээ сорьж байна. 

Төв аймгийн наадам өргөн дэлгэр, наадамчин олон сэтгэл тэнүүн сайхан наадаж байна.

    


Холбоотой мэдээ