П.Зоригоо: Малчдад хүндрэл, бэрхшээлтэй зүйл алга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-04 09:22:06

   Увс /МОНЦАМЭ/. Сагил сумын 3-р багийн малчин Пунгаагийн Зоригоотой ярилцлаа. Тэрбээр удам сайтын үргэлжлэл гэхэд болно. Учир нь аав Ц.Пунгаа нь Монгол Улсын аварга малчин цол хүртэж байжээ. Түүнийг ч гэсэн гэрэлт ирээдүй хүлээж байгаа нь тодорхой юм. Өдгөө тэрбээр аль хэдийн аймаг, сумын сайн малчин болоод амжжээ.


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?

-Би 1976 онд төрсөн. 1995 онд сургуулиа төгсөөд нэг жилийн цэргийн алба хаасан. 1999 оноос айл гэр болж хөдөө гарч мал малласан. Эхнэр Н.Уранбилэг маань Сагил сумынх. Ам бүл тавуулаа. Том хүүхэд маань 1дамжааны оюутан, бага хоёр нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна.

Манайх 1000 гаруй толгой малтай, голдуу бог. Миний хувьд 2010 онд Сумын сайн малчин, 2012 онд Аймгийн сайн малчин болсон. Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон Манлай малчдын улсын зөвлөлгөөнд Монгол Улсын аварга малчин Доржсүрэнгийн хамтаар сумаасаа хоёулаа оролцоод ирсэн.

-Танай аавыг Монгол Улсын аварга малчин хүн байсан гэж сонслоо?

-Манай аав Ц.Пунгаа 1968 онд Монгол Улсын аварга малчин болж байсан. Нэгдлийн үхэр маллаж, 108 эх үхрээс 108 тугал бойжуулсан амжилтаар Монгол Улсын аварга малчин болж байсан. Би ах дүү есүүлээ. Биднээс нэг эгч, дүү охин бид гурав л хөдөө мал маллаж байгаа. Бусад нь Улаанбаатар хот болон Улаангомд амьдарч байна. Манайх өвөлдөө Улаан давааны цаана гарч өвөлжөөд, зундаа Үүрэг нуурын хөвөөгөөр зусдаг. Хаварт Эрэгнэг тийшээ бууж, Улаанхотгорт намарждаг юм. Туслах малчныг хавар мал төллөлтөөр болон өвөл авдаг. Нийтдээ 500-гаад ямаатай. Өнгөрсөн жилээс эхлэн ноолуур өндөр үнэ хүрээд сайхан байна. Малаасаа жилд 250-300 орчмыг нядалж зардаг. Бас цөөхөн тооны тэмээтэй. Манай суманд тэмээ их ховор байдаг юм.

-Мянган малтай хүний жилийн орлого хэдий хэмжээний юм байх вэ?

-Жилийн орлого ойролцоогоор 30-аад сая төгрөг болдог. Зарлага бас ихтэй. Нүүдэл суудал, бензин тос, сум орон нутагт хандив гээд овоо хэдэн төгрөг гарчихдаг. Малдаа тарга хүч авахуулахын тулд байнга л нүүнэ шүү дээ. Энэ жил өнөтэй сайхан жил болж байна.

-Та улаан загалмайн байгууллагатай хамтарч ажилладаг уу?

-Улаан загалмайн онцгой гишүүнээр 2014 онд элссэнээс хойш татвар шимтгэлээ байнга төлж байгаа. Үүнээс гадна сум орон нутагтаа жижиг хандив тусламж байнга өгч ирсэн.

-Морь уядаг уу?                               

-Багадаа хурдны морь их унаж байсан. Одоо морь тодорхой хэмжээгээр бас уяж байгаа. Сумын алдарт уяач цолтой.

-Малчиддаа хандаад юу хэлэх вэ?

-Эрүүл мал маллаарай гэж хэлэх байна. Малаа хавар ногоонд сайн цатгах хэрэгтэй. Ногоонд сайн цадсан мал зун, намрын таргыг сайн авдаг юм.

Дээхэн үед хилийн хулгай ихтэй байсан. Одоо бол харьцангуй гайгүй болсон. Малын даац хэтрээд, бэлчээр хомсдоод байна. Үүнд анхаарах цаг иржээ. Өөрөөр малчдад хүндрэл бэрхшээлтэй зүйл алга даа.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ