Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнг танилцуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-06-30 23:14:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт "Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг болж байна. 

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Үндэсний статистикийн хороо хамтран 2017-2018 онд жендерт суурилсан хүчирхийллийн судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж судалгааны үр дүнг тархаах ажлыг орон даяар, үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм. ҮСХ-ноос 15-64 насны эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хэлбэрийг судалсан бөгөөд олон улсын хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг бол Монгол Улсад нийт эмэгтэйчүүдийн 31,2 хувь нь өртдөг гэсэн судалгаа гарчээ.

Харин Хөвсгөл аймгийн судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 29 хувь бие махбодийн болон бэлгийн хүчирхийллийн аль нэг төрөлд өртсөн байна. “Жендерт суурилсан хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалын дагуу хийсэн гэнэ.

Судалгаагаар эмэгтэйчүүдийн одоогийн болон өмнөх хамтрагчдын зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийллийн мэдээллийг цуглуулахад голлон анхаарсан ч, хамтрагчийн зүгээс үйлдсэн сэтгэл зүйн хүчирхийлэл, хамтрагч бус бусад этгээдийн зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийлэл түүний дотор 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдлыг судлав. Эдгээр мэдээллийг Монгол Улсад үндэсний болон бүс нутгийн түвшинд хот, хөдөөд насны бүлэг, боловсролын түвшин, нийгэм, эдийн засгийн статусаар ангилан цуглуулсан ажээ.

Холбоотой мэдээ