Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн талаарх эхний тайланг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-20 12:01:20

ВАШИНГТОН. /BBC/. Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн талаарх эхний бие даасан тайланг НҮБ-ын мэргэжилтэн Агнес Калламард лхагва гарагт олон нийтэд танилцуулжээ.


НҮБ-ын тусгай илтгэгч А.Калламардын мэдээлснээр, уг хэргийн хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман болон бусад өндөр түвшний төлөөлөгчид хүлээх ёстой ажээ.


Саудын Арабын Засгийн газрыг шүүмжлэгч нэгэн байсан Ж.Хашогги өнгөрсөн оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан билээ. Уг хэргийг М.Салманы тушаалаар үйлдсэн гэх мэдээллийг тус улсын  эрх баригчид үгүйсгэсээр ирсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын прокурорын газар 11 хүнд ял тулгаж, тавд нь цаазын ял ногдуулахаар төлөвлөж байна.


А.Калламард энэ талаар хэлэхдээ, уг шүүх хурал олон улсын процедурын стандарттай нийцээгүй хэмээгээд, ял ногдуулах хугацааг хойшлуулахыг уриалжээ.


Харин Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр НҮБ-ын төлөөлөгчийн тайланг “үндэслэлгүй” хэмээн тэмдэглээд, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа “Твиттер” хуудсаараа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ